
Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд энэ сарын 11-нд 311, 350 дугаар ангийн алба хаагчид байлдааны буудлага хийх бэлтгэл хангаж байгаад гар бөмбөгтэй хайнга харьцсанаас дэлбэрч хоёр хүн газар дээрээ амиа алдан, найман хүн шархадсан. Энэ ослын талаарх мэдээллийг БХЯ, ЗХЖШ-ын удирдлага хүлээн авсан даруйдаа шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлжээ.
Осол болсон даруйд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд үүрэг гүйцэтгэж байсан эмнэлгийн бие бүрэлдэхүүн, дээрх ангийн эмч нар осолд өртсөн цэргийн алба хаагчдад эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үзүүлэн, шархадсан сүүлчийн хүнийг 20.15 цагт Цэргийн төв эмнэлэгт хүлээн авч эрчимт эмчилгээ хийж эхэлсэн байна.
Шархадсан цэргийн алба хаагчдын бие сайжирч, өнгөрсөн баасан гаригт гурван хүн эмнэлгээс гарч, Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан Б.Тэмүүжин, П.Данзанравжаа нар энгийн тасагт шилжжээ. Гэмтэж бэртсэн алба хаагчид тэдний ар гэрийнхэнтэй БХЯ-ны удирдлага уулзан холбогдох хууль журамд заасны дагуу дэмжлэг үзүүлсэн байна.
Мөн байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд оролцож, албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хоёр цэргийн алба хаагчид хүндэтгэл үзүүлэн оршуулах ёслолд БХЯ-ны удирдлагууд оролцож, тэдний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.
Энэ осолтой холбогдуулан Батлан хамгаалахын сайд тухайн өдрийн (2017 оны дөрөвдүгээр сарын 11-ний) 22.00 цагт Сайдын зөвлөлийн өргөтгөсөн хурал хийж, Тавантолгойд хийж байгаа байлдааны буудлагатай хээрийн сургуулийг зогсоох, байлдааны галт хэрэгсэл, буудлагын зэвсэг техникүүдтэй харьцахыг цэргийн ажиллагааны стандартын дагуу явуулах, галт зэвсэгтэй харьцахаас өмнө заавал 3-5 удаа хуурай дадлага хийлгэж нэг бүрчлэн сургасны дараа ажиллагааг явуулж байх үүрэг өгчээ.
Энэ сарын 14-нд буюу өнгөрсөн баасан гаригт Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Сайдын зөвлөлөө дахин хуралдуулж, гурав хоногийн өмнө өгсөн үүрэг даалгаврынхаа хэрэгжилтийн явцыг шалган Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч, хошууч генерал З.Болдбаатараар ахлуулсан, дээрх ослын шалтгаан нөхцөлийг тогтоох үүрэг бүхий ажлын хэсгийн хяналт шалгалтын явцын дүгнэлттэй танилцжээ.
Мөн ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваагийн илтгэл, мэдээллийг хэлэлцэж, мөн гуравдугаар сарын 15-ны тушаалаар Батлан хамгаалахын дэд сайдаар ахлуулсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх зөвлөлийн ажлын дүгнэлт, танилцуулгыг сонссон байна.
Бидний авсан мэдээллээр энэ өдөр долоон асуудал хэлэлцсэний ихэнх нь дээрх осол болон өмнө гарсан осол, зөрчлүүдийг нуун дарсныг голлож ярьсан аж. Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид хугацаат цэрэг сургалтын гар бөмбөгийн тэслэгчтэй буруу харьцаж, гар болон нүдээ гэмтээсэн хэргийг ЗХЖШ-ын зүгээс БХЯ-нд мэдэгдэлгүй хав дарсан асуудлыг ярьжээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард Батлан хамгаалахын сайд тус ангид ажилласан бөгөөд түүнийг очихын өмнөх өдөр уг хэрэг гарч, Цэргийн төв эмнэлэг рүү шархадсан хугацаат цэргийг яаралтай шилжүүлсэн билээ. Батлан хамгаалах салбарт сахилга дэг журам бэхжүүлэх зөвлөлийг Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж хариуцдаг бөгөөд өнгөрсөн баасан гаригийн хурлын үеэр “Би энэ асуудлыг мэдээгүй байсан. Тавантолгойд болсон асуудлын дараа оруулж ирсэн тайланд болон зарим өдөр тутмын сонинд гарсан мэдээллээс мэдлээ. Хугацаат цэргийн алба хаагч ийм осолд өртчихөөд сар гаруй болж байхад үүнийг яамны удирдлагад мэдэгдээгүй сар гаруй болчихсон байна” хэмээсэн аж.
Бас Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн нэг офицер нь цэргүүдээ дэглэснээс хөлөө хөлдөөж, хуруугаа тайруулсан ослын талаар ч ширүүхэн ярилцсан гэнэ.
Мөн Батлан хамгаалахын сайдын цэргийн бодлогын зөвлөх, дэслэгч генерал Ц.Дашзэвэгтэй ЗХЖШ-ын удирдлагууд хагас сарын өмнө ам мурийсан бөгөөд энэ явдлын дараа сайдын тушаалаар зарим хүнд сахилгын арга хэмжээ авахаар болсон аж. Гэтэл БХЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд “Хүн чанар зулгаагаад” гээд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг нь ЗХЖШ-ын удирдлагуудад хүргүүлээгүй тухай ч хөнджээ.
БХЯ-ны зүгээс ажлын хариуцлагыг сайжруулах, цэргийн сургалт бэлтгэлийг стандартын дагуу явуулах тухай тушаал, албан даалгавар, үүрэг чиглэл удаа дараа өгч байсан. Тиймээс хариуцлагагүй ажилласан албан тушаалтнуудад шүүх, цагдаагийн байгууллагын дүгнэлт, БХЯ, ЗХЖШ-ын ажлын хэсгүүдийн дүгнэлтийг үндэслэн хатуу арга хэмжээ авах санал боловсруулахыг Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хурлаас холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.