
Сар бүр олгодог 20.000 төгрөгийг зөвхөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгох бөгөөд хэмнэснийгээ хүнсний талон олгох хөтөлбөрт зарцуулахаар төлөвлөөд буй. Гэвч бэлэн мөнгө, хүнсний талоныг хэчнээн хүүхдэд олгох нь тодорхойгүй байна. Орон даяар явуулсан Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны дүнг нэгтгэсний дараа амьжиргааны түвшинг шинэчлэх юм. Ингэхдээ өрхийн амьжиргааг 0-1000 оноогоор дүгнэж, 501-ээс доош оноо авсан өрхийн 0-18 насны хүүхдүүдэд мөнгө олгох аж.
Тэгвэл судалгааны дүнгээс үл хамааран одоо 20.000 төгрөг авч буй хүүхдүүдийн мөнгийг он дуустал үргэлжлүүлэн олгоно гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хэлэв. Энэ онд төсөвлөсөн 161.5 тэрбум төгрөгийг УИХ-ын чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэх үеэр хэвээр үлдээжээ. Тэрбээр “Энэ онд хүүхдийн мөнгийг олгодгоороо олгоно. Харин 2018 онд судалгаанд хамрагдсан нийт өрхийн 40 хувь буюу 298 мянган айлын 522 мянга орчим хүүхдэд мөнгө олгохоор байна. Гэхдээ энэ урьдчилсан таамаг. Цаашид хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох бололцоог судлах болно” гэлээ.