
Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд Зэвсэгт хүчний 350 дугаар бригадын 350 дугаар ангийнхан байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулилалт хийж байгаад гар бөмбөгөө алдсанаас хоёр хүний амь үрэгдэж, найман ахлагч шархадсан билээ. Энэ хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын явцад зарим зүйл тодорхой болжээ. Холбогдох байгууллагын эх сурвалжуудын мэдээлснээр “Зэвсэгт хүчний дээрх бригад, ангийн удирдлагын ажлын хариуцлага, хяналт сул байсны зэрэгцээ байлдааны буудлага хийхийн өмнөх өдөр нь галт хэрэгслийг гаргасан” нь баталгаатай гэнэ. Түүнийгээ “Нэгэнт л хэрэглэх нь үнэн юм чинь дахин дахин нааш цааш зөөх гүйн үүднээс нэг мөр гаргасан” хэмээн тайлбарлажээ. Гар бөмбөгөө гаргаж хоёрынх нь галыг угсарсан (тэслэгчийг нь холбосон) байсан бөгөөд энэ үед нэг алба хаагч түгжээг нь мултлаад алдсан, офицер нь 2-3 ахлагчийг холдуулан түлхэж, өөрөө дээр нь хэвтээд амиа алдсан нь ослын газарт байсан ахлагч нарын мэдүүлгээс тодорхой болжээ. Гар бөмбөгийн хичээлээ зааж байх үед ахлагч нар нь тойроод сууж байсан аж. Түүнчлэн ослын дараахан нь цагдаагийн гурван хурандаагийн хамт ЗХЖШ-ын дарга асан нэгэн генерал ч очсон тухай мэдээлэл байгаа юм. Тэнд очих ёсгүй генерал чухам юу хийж тэнд явсныг тайлбарлах хүн одоогоор алга. Зэвсэгт хүчний түүхэнд гар бөмбөгөө нуувчиндаа алдаж, дэлбэрсэн тохиолдол 20 гаруй жилийн өмнө гарч байж. Тэр үед нэг офицер мөн л дээр нь хэвтэж, шархадсан байдаг юм билээ. Зэвсэгт хүчний 350 дугаар бригад гэдэг энхийг дэмжих ажиллагааны зориулалттай, тиймдээ ч ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын шууд удирдлага дор үүрэг гүйцэтгэдэг. Ийм ноцтой асуудал болоод байхад тус газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг нь нүдэн балай, чихэн дүлий суугаа нь хачирхалтай.