
Цаг агаар тогтуун, дулаахан байснаа гэнэт цас, бороо холилдон орох нь хаврын улиралд түгээмэл тохиолддог. Уржигдар л гэхэд хаврын тэнгэр хуйсганаж, ихэнх нутгаар шороон болон цасан шуурга шуурав. Шуурганы үеэр Сэлэнгэ аймгийн Мандал сумын I багийн иргэн Б амиа алджээ. Тэрбээр хүлэмжнийхээ нуруу төмөрт дарагдаж, сумынхаа эмнэлэгт хүргүүлсэн ч хүнд бэртэл авсны улмаас нас барсан аж. Мөн Булган аймгийн Бугат сумын иргэн Т-ийн гэр, өвөлжөө, 17 хонь, 20 хурга нь галд өртөв. Гэрийнх нь яндангаас гарсан очноос гал гарчээ.
Салхины хурд их байснаас цөөнгүй мал шуурганд уруудсан гэнэ. Тухайлбал, Дорнод аймаг дахь хилийн 0132 дугаар ангийн хариуцсан хилийн бүсэд цасан шуурганд уруудсан 2000 орчим адуу тулж очжээ. Хилийн заставт хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэж байсан хилчид дээрх адууг улсын хил дээр тогтоож, эздэд нь хүлээлгэн өгсөн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар улсын хилийн шугамаас 60-80 километрт нутагладаг Дорнод аймгийн Чойбалсан, Баянтүмэн сумын малчдын адуу байсан гэнэ. Хилчид тогтоогоогүй бол иргэд 1.4 тэрбум төгрөгийн хохирол амсах байжээ.
Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орохыг ОБЕГ-аас сэрэмжлүүлэв. Харин маргааш төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст, 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, салхи 15-17 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна.
Ихэнх хугацаанд Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Тиймээс иргэдийг сонор сэрэмжтэй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав.