
МСҮТ болон политехник, коллежид үсчин, гоо засалч мэргэжлээр суралцаж буй оюутан, залуусын дунд жил бүр зохион байгуулдаг “Алтан хайч” улсын уралдаан өнгөрсөн баасан гаригт 15 дахь удаагаа болж, өндөрлөлөө. Үсчин, гоо засалчдын авьяасыг хөгжүүлэх, сургалтын агуулга, багшлах мэргэжилтний ур чадварыг дээшлүүлэх, залуусыг мэргэжилдээ дуртай, ирээдүй өөд тэмүүлсэн хүсэл эрмэлзэлтэй болгоход уг тэмцээний зорилго оршдог. “АСА” циркийн тайзнаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа МСҮТ-үүд, политехник, коллежийн 150 орчим оюутан авьяас, чадвараа сорьсон юм. Ганган даашинз, гоёмсог туфльтэй охидыг төрсөн эцэг, эх нь ч танихааргүй болтол өөрчилж, үсийг нь өнгө алаглуулан будаж, хумсан дээр нь уран зураг амилуулж буйгаас харахад шинэ цагийн үсчин, гоо засалчид шаггүй чадварлаг болсныг илтгэнэ. Үсчин, гоо засалч, хумс заслын 16 төрлөөр ширүүхэн өрсөлдсөн залуусаас шагналт байранд 48 нь тунасан юм. Тэдгээрийн 34 нь Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн суралцагч байсан учир тус сургууль шилдгээр тодорч, 15 дахь жилдээ гранпри хүртлээ. Тус коллежийн захирал Б.Даваажав “Анх 2002 онд энэ уралдааныг манай сургуулийн захирал асан Гавьяат багш Юра санаачлан, зохион байгуулж байв. Түүнээс хойш 15 жилийн турш тасралтгүй, улсын хэмжээнд явуулж ирлээ.
Уг тэмцээнд өнөө жил ОХУ-ын Эрхүү хотын Эдийн засаг, аялал жуулчлалын коллежийн шилдэг баг хүрэлцэн ирж, өрсөлдсөнөөрөө онцлогтой. Энэ нь “Алтан хайч” уралдаан олон улсын түвшинд хүрснийг харуулж байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын зүүн хязгаараас Дорнод аймгийн политехник коллеж, баруун хязгаараас Ховдын политехник коллежийнхэн, өмнийн говиос ч оюутан, залуус ирсэн байна. Эл тэмцээнд байр эзэлсэн, охид, хөвгүүд дүүрэг, улс, хот, тив, дэлхийн уралдаанд ч өндөр амжилт гаргадаг. Тухайлбал, 2015 онд Бразилын Сан Паула хотод болсон “Дэлхийн ур чадварын тэмцээн”-д үсчин, гоо засалчдын төрлөөр оролцон, гранпри хүртсэн хоёр залуу сургуулиасаа шилдгээр шалгарч, “Алтан хайч” уралдаанд түрүүлэн, дараа нь улсын аварга болоод, олон улсын тэмцээнд явсан байдаг. Ер нь “Алтан хайч” уралдааныг дамжихгүйгээр улс, дэлхийн тэмцээнд оролцох боломжгүй. Хамгийн сүүлд манай сургуулийн багш, сурагчид ОХУ-д олон улсын тэмцээнд оролцон, хумс, гоо заслын төрөлд зургаан алтан медаль хүртсэн. Манай сургууль улс, хотын тэмцээнд амжилт үзүүлсэн, шилдэг сурагчдыг БНСУ-д сургадаг уламжлалтай. Нэг багш маань ирэх есдүгээр сард Францад олон улсын тэмцэээнд оролцох бэлтгэлээ хангаж буй” гэв. “Алтан хайч” уралдааны салон хумс засалт төрөлд мөнгөн медаль хүртсэн, Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн оюутан Б.Балжинням “Би Дорноговь аймгийнх. Энэ сургуульд гоо сайханч мэргэжлээр 2.5 жил сураад, үргэлжлүүлэн гоо мастерын ангид орсон. “Алтан хайч” уралдаанд анх удаа оролцож байна. Өмнө нь дүүргүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, улсын аваргаас алт, мөнгөн медаль авч байсан.
Мөн ОХУ-ын Эрхүү хотод болсон олон улсын тэмцээний хос хумс заслын төрлөөр гранпри хүртсэн. Гоо сайханч хүний чадах ёстой бүх зүйлийг хийдэг. Гэхдээ хумс заслыг илүү сонирхдог” гэв. Шилдгээр шалгарсан 48 оюутнаас гадна Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн Захирлын нэрэмжит шагналыг ОХУ-ын Эрхүү хотын Эдийн засаг, аялал жуулчлалын коллежийн оюутан Инга Короленко авсан юм. Мөн Э.Золзаяа, Б.Балжинням нарыг БНСУ-ын Канёоны их сургуульд үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагналаа.
Уралдааны шагналтнууд:
- Эрэгтэй сонгомол - Алт Үйлдвэрлэл урлалын политехник коллеж (ҮУПТК) О. Алтанбагана, Мөнгө ҮУПТК Н. Гэрэлт-Од, Хүрэл ҮУПТК С.Хүслэн
- Эрэгтэй зураглалтай засал - Алт Барилгын бүтээцийн үйлдвэрлэл МСҮТ Н.Мөнхитгэл, Мөнгө Дорнод аймаг дахь МСҮТ Б.Батхонгор, Хүрэл Ховд аймаг дахь МСҮТ А.Бахатгүл
- Эмэгтэй урт үсний үдшийн засалт - Алт ҮУПТК Д.Анударь, Мөнгө “Сам Юк” МСҮТ Ч.Өлзийдүүрэн, Хүрэл “Ховд хөгжил” политехник коллеж Б.Уранбилэг
- Салон тайралт - Алт ҮУПТК Г.Туул, Мөнгө Дархан аймаг дахь МСҮТ Ө.Лхагвадолгор, Хүрэл ҮУПТК Ч.Гэрэлмаа
- Биеийн будалт - Алт ҮУПТК Б. Азжаргал, Мөнгө ҮУПТК Д.Гонгор, Хүрэл Хөвсгөл аймаг дахь МСҮТ Л.Алтанцэцэг
- Хуримын нүүр будалт - Алт ҮУПТК Ө.Анар, Мөнгө ҮУПТК Э.Эрдэнэзул, Хүрэл ҮУПТК У.Цэрэнлхам
- Салон хумс засалт - Алт ҮУПТК Э.Золзаяа, Мөнгө ҮУПТК Б.Балжинням, Хүрэл Барилгын технологийн коллеж А.Учралт
- Эрэгтэй креатив засалт - Алт ҮУПТК М. Баясгалан, Мөнгө Дорнод Политехник коллеж Ганбаатар, Хүрэл ҮУПТК Э.Төрмөнх
- Эмэгтэй креатив засалт - Алт ҮУПТК Б.Золзаяа, Мөнгө ҮУПТК Э. Хонгорзул, Хүрэл ҮУПТК Ө.Чойжамц
- Урт үсний задгай самналт - Алт ҮУПТК Т.Мөнх-Учрал, Мөнгө ҮУПТК А.Лхагважаргал, Хүрэл Хөвсгөл аймаг дахь МСҮТ Г.Цолмонгэрэл
- Химийн хагалбар дамар ороолт - Алт ҮУПТК С.Нандинцэцэг, Мөнгө ҮУПТК Н.Билгүүн, Хүрэл ҮУПТК Э.Нандинцэцэг
- Тайзны нүүр будалт - Алт ҮУПТК Б. Гэрэл, Мөнгө Хөвсгөл аймаг дахь МСҮТ У. Оюундарь, Хүрэл ҮУПТК Б.Цэндгэрэл
- Хумсны чөлөөт будалт-Нэмэлт бүтээл - Алт ҮУПТК Г.Хүсэлсайхан, Мөнгө ҮУПТК Б.Нандинбилэг, Хүрэл ҮУПТК Б.Балжинням
- Хумс зураглал - Алт ҮУПТК Э.Золзаяа, Мөнгө ҮУПТК Ү.Хулан, Хүрэл ҮУПТК Г.Хүсэлсайхан
- Принч хумс - Алт ҮУПТК Б.Балжинням, Мөнгө ҮУПТК Б.Цэндгэрэл, Хүрэл ҮУПТК С.Хүнлэгсайхан
- FANTASY STYLE HAIR Алт ҮУПТК Б.Золзаяа Мөнгө ҮУПТК Б.Хонгорзул Хүрэл ҮУПТК Г.Баярмаа