
Бүгд Найрамдах Турк Улс 1920 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-нд Үндэсний бүрэн эрхийн болон хүүхдийн баярыг тэмдэглэдэг болжээ. Тус улсын анхны Ерөнхийлөгч Мустафа Кемал Ататурк Туркийн Үндэсний Их Хурал байгуулагдсан энэ өдрийг хүүхдийн баяртай давхцуулан тэмдэглэхээр тунхагласан юм байна.

Энэ хүрээнд БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамныхан олон арга хэмжээ зохион байгуулсны нэг нь “Миний мөрөөдлийн дэлхий” сэдэвт гар зураг болон зохион бичлэгийн уралдаан юм. Нийслэлийн тав, 61, 111, 122 дугаар дунд сургууль, Улаанбаатар дахь “American school”, “British school”-ын сурагчдын дунд зарласан эл уралдаанд 400 гаруй бүтээл ирүүлжээ. Хүүхдүүдийн зургаар үзэсгэлэн зохион байгуулж, дээрх сургуулийнхан урлагийн тоглолт толилуулав.

БНТУ-ын ЭСЯ-ныхан 2014 оноос эл өдрийг Монголд тэмдэглэдэг болсон бөгөөд үүний хүрээнд мод тарьж, Элчин сайд сурагчдыг хүлээн авч уулздаг юм байна. Уламжлалаар бол Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нь өөрийн албан суудлыг аль нэг сургуулийн сурагчид түр “шилжүүлэн өгч”, ирээдүйд ийм албанд томилогдвол чухам юу хийхийг хүсэж буйг нь сонсдог юм билээ.
Энэ дагуу Элчин сайд М.Ахмет Язал 61 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч П.Халиунааг Элчин сайдын хүндэт суудалд залж, үгийг нь сонсов. “Элчин сайд” охин “Аль орных байх нь хамаагүй хүүхдүүд дуу хоолойгоо нэгтгэж чадвал эх дэлхийгээ аварч чадна” гэлээ.

“Миний мөрөөдлийн дэлхий” сэдэвт гар зургийн уралдааны тэргүүн байрт 122 дугаар сургуулийн 8в ангийн сурагч Б.Анужингийн бүтээл шалгарсан бол 61 дүгээр сургуулийн Б.Номин-Эрдэнэ, Г.Дорждэрэм нарын зураг хоёр, гуравдугаарт оржээ. Бүтээлүүдийг Хүүхдийн ордонд дэлгэсэн бөгөөд энэ үеэр БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд “Бидний ирээдүй бол хүүхэд. Тэгэхээр тэднийг сайн сайхан байлгах нь бидний гол зорилго. Манай улсын анхны Ерөнхийлөгч тун алсын хараатай хүн байсан. Түүний үйл хэргийг үргэлжлүүлэн өнөөдөр монгол хүүхдүүдтэй энэ өдрийг тэмдэглэж буйдаа баяртай байна” гэлээ.

Зургийн уралдааны гуравдугаар байрт шалгарсан 61 дүгээр сургуулийн 7б ангийн сурагч Б.Номин-Эрдэнийн бүтээлийн санаа их онцгой санагдлаа. Түүнээс зургийнх нь талаар асуухад “Би дэлхий гаригаа өнгөрсөн, ирээдүй цаг дээр харуулахыг зорьсон. Баруун талынх нь миний мөрөөдлийн дэлхий юм. Зүүн талынх нь хүн төрөлхтний балгаар бохирдсон буюу минийхээр өнгөрсөн үе. Энэ хоёрыг холбосон голд байгаа загаснууд өнгөрснөөс ирээдүйг зорин явж байгаагаар дүрсэлсэн. Доор нь байгаа хүмүүсээр инээмсэглэлийг бэлгэдсэн. Зургийг бүхлээр нь харахад нүдний шил, ээмэг зүүсэн настай хүний дүрс тод байгаа. Бохирдсон дэлхийн чихнээс хог хаягдал, харин миний мөрөөдлийнхөөс цэвэр ус гоожиж байгаа биз. Үүгээр хоёр дэлхийн ялгааг харуулахыг зорьсон. Ерөнхий утгаараа бол нүдний шил зүүсэн өндөр настай хүн байгаль дэлхийгээ тольдон харж байгаа юм” гэлээ. Зургийн өнгөний сонголтод түүнд сургуулийнх нь зургийн багш Б.Тулга зөвлөсөн гэнэ.
Уралдааны дэд байрт шалгарсан Г.Дорждэрэм бүтээлдээ салхин станцыг дүрсэлсэн нь сонирхолтой байлаа. “Би зургийнхаа гол илэрхийллийг хүүхдээр төлөөлүүлэхийг хүссэн. Агаар, салхийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэснээр байгалиа бохирдуулахгүй гэсэн санааг илэрхийлсэн. Үүлэн дээр суусан хүүхдүүд дэлхийгээ хайрлахын бэлгэдэл” гэлээ.
Үзэсгэлэнд тавьсан олон зурагт хүүхдүүд байгаль, экологийн асуудлыг хөндсөн байна лээ. Мөн сансар огторгуйг эзэмшиж буй хүн төрөлхтөн, нисдэг усан онгоц, пуужин гээд бараг бүх техник нь далавчтай зураг ч цөөнгүй харагдсан. Бүхэлд нь дүгнэхэд манай хүүхдүүд үнэхээр том сэтгэж, алсыг харж зурсан нь бахархмаар байлаа. Тэд бол Монголын ирээдүй. Тэгэхээр бидний ирээдүй том мөрөөдлөөр жигүүрлэжээ.
Зохион бичлэгийн дүнг маргааш зарлах бөгөөд дээрх хоёр уралдаанд шалгарсан хүүхдүүдийг Элчин сайд М.Ахмет Язал хүлээн авч, шагналыг нь гардуулах юм байна.
