
“Сураггүй алга болсон хүүг нийтийн байранд хорьж байжээ” гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр болон зарим цахим хуудсанд нийтлэгдсэн. Уг мэдээллийн мөрөөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхэн шалгаж байгаа аж. Сураггүй алга болсон Д гэх хүү энэ сарын 15-нд гэрээсээ гарахдаа “Сургууль руугаа бүжгийн давталганд явлаа” гэж хэлээд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиж, өмнө нь зүс мэддэг байсан Б гэх хүүхэдтэй таарчээ.
Улмаар түүнтэй хамт гадуур зугаалж байхдаа гар утсаа барьцаалан зээлдүүлэх газарт 60 мянган төгрөгөөр тавьсан аж. Уг мөнгөө үрж дуусгачихаад гар утасгүй харивал гэрийнхнээсээ банга хүртэнэ гэж эмээсэндээ мөнгө олж утсаа авахаар шийджээ. Ингээд Сонсголонд байрладаг, галт тэрэгнээс ачаа, тээш буулгадаг газарт очиж цагийн ажил хийж, шөнө нь Долоон буудалд байрлах найз Б-ийнхээ гэр, нийтийн байранд хонодог байсан нь шалгалтын явцад тогтоогджээ.
Дээрх Цагдаагийн хэлтсийн эх сурвалж “Сураггүй болсон Д хүү хэн нэгэнд хулгайлагдсан болон хоригдож барьцаалагдсан асуудал тогтоогдоогүй. Гэрээсээ гараад алга болсон гэх гомдол, мэдээллийг үргэлжлүүлэн шалгаж байна” гэж мэдээллээ.