
Одоогоос яг нэг сарын өмнө Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29 дүгээр тусгай сургуулийн 15 эрэгтэй сурагч хичээл хаяж, “Бүх хичээлийг дохионы хэлээр заа” гэсэн шаардлага тавьснаар олон нийтийн анхаарлын төвд орсон. Үүний дараахан тус сургуулийн сурагч А-аас Medee.mn сайтын сурвалжлагчийн авсан ярилцлага гал дээр тос нэмээдэхэв.
Тэрбээр сургуульд бэлгийн хүчирхийлэл гардаг. Архины шил, бэлгэвч хогийн савнаас гарч ирсэн гэх ноцтой зүйл ярьсан нь шуугиан тарьсан юм. Энэ асуудлаар тус сургуулийн багш нар өмгөөлөгч Г.Батбаярын хамтаар хэвлэлийн хурал хийж, “Бэлгийн дарамт үзүүлсэн зүйл огт байхгүй” гэж ярив.
Сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн анхдагч хэл нь дохионы хэл мөн гэдэг ч 29 дүгээр сургуулийн багш нарын олонх нь хичээлээ амаар буюу ярьж заадаг гэх. Үүнийг БСШУСЯ-наас шалгаад багш нарын 50 орчим хувь нь дохионы хэлийг сайн эзэмшээгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол эзэмших байдал хангалтгүйг хүлээн зөвшөөрч буй ч ямар нэгэн хүчирхийлэл үйлдэгддэггүй гэж багш нар нь мэлзэж буй.
Eagle мэдээллийн сайтын сурвалжлагчийн “Чимээгүй хашгираан” нэвтрүүлгээр олон хүүхэд хүчирхийлэлд өртдөг, эрэгтэй багш нар биеийн эмзэг хэсэгт дураараа хүрдэг” гэж ярьсан байхад ч тэд эсэргүүцэн өчигдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтсийн гадаа жагсаал хийсэн юм.
Харин ийм байдал өнөөдөр л гэнэт гарч ирсэн юм биш олон жилийн өмнөөс буюу сургууль байгуулагдсан цагаас л байсныг урьд урьдын төгсөгчид баталж байна. Тус сургуулийн 1990 оны төгсөгч Б “Би найман настайгаасаа харааны бэрхшээлтэй болж, 29 дүгээр тусгай сургуульд орсон. Тэр үед харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 112, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29 дүгээр сургууль нэг захиралтай, хамт байрладаг байлаа. Өсвөр насны охидыг хүчирхийлдэг, хөвгүүдийг дарамталдаг байдал намайг сурч байхад ч байсан.
Сонсголын бэрхшээлтэй охидын хувьд ярих боломжгүй, өөрсдийгөө ойлгуулж чадахгүй байдлыг нь далимдуулан янз бүрийн дарамтад оруулдаг байсан байх. Болохгүй байгаа асуудлынх нь талаар сурагчид үзэл бодлоо илэрхийлж байхад сургуулийн удирдлагын зүгээс ажлаа яаж сайжруулах вэ гэхийн оронд өмгөөлөгч авчихсан, шүүх хурал шиг олны өмнө гарч ирж байгаа нь үнэхээр хэцүү санагдсан” гэж ярив.

Мөн тэрбээр “Намайг сурч байхад сургуулийн дотуур байрны жижүүр нь тэтгэврийн насны өвгөн байдаг байлаа. Тэрбээр 15 настай охиныг жирэмсэн болгож, шүүхээс ял сонсож байсан. Ер нь жижүүр өвгөчүүл дотуур байранд шөнийн цагаар орж, хүссэнээ хийх боломжтой байсан. 2001 онд харааны бэрхшээлтэй 15 настай охиныг дотуур байрных нь орчимд хүчирхийлж, хадаасаар сийчин аминд хүрсэн явдал гарсан шүү дээ. Тэр үед сургуулийнхан бүгд архидан согтуурсан байсан гэдэг” гэсэн юм.
Нэг нь харахгүй, нөгөө нь сонсохгүй хоёр өөр бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах нэрийдлээр эрхийг нь зөрчиж байж. Харин 2004 онд тухайн хоёр сургуулийг тусад нь үйл ажиллагаа явуулдаг болгосноор байдал арай сайжирчээ. Гэвч хүүхдийн эрх зөрчигдсөөр байгаа нь нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хийсэн судалгаа болон, тэдний яриа хангалттай нотолж буй юм.
Тухайлбал, тус газраас хийсэн судалгаанаас үзэхэд 64 сурагчийн 75 хувь нь хүчирхийлэлд өртдөг гэж хариулжээ. Үүний гурван хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэсэн байна. Сурагчид сургууль болон, дотуур байрандаа үнэхээр хүчирхийлэлд өртдөг, эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
29 дүгээр сургуулийн сурагчдаас авсан судалгааны талаар нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хяналт, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн П.Мягмаржаваас тодруулахад “Тус сургуулийн хүүхдүүд хичээл хаясны дараа өдөр манай газрын хоёр хүн газар дээр нь очиж, нөхцөл байдалтай танилцсан. Сургуулийн захиргаа, хүүхдийн зөвлөлийн гишүүд, шаардлага тавьсан хүүхдүүд, нийгмийн ажилтантай нь уулзсан.
Хүүхдүүдийн тавьж буй шаардлагын талаар тодруулж ярилцсан. “Сургуулийн удирдлагад ийм асуудлыг бичгээр тавьж байгаагүй. Өнөөдөр л гэнэт гараад ирлээ” гэж тэндхийн багш нар ярьж байсан. Мөн хүүхдүүдийг тэнд үйл ажиллагаа явуулж байсан төрийн бус байгууллагаас турхирсан байж магадгүй гэж хэлсэн. Хүүхдүүд сургуулиасаа хэлмэрч авахгүй гэсэн болохоор төрийн бус байгууллагын дохионы хэлний орчуулагчаар тайлбарлуулан 9-12 дугаар ангийн 64 сурагчаас судалгаа авсан.
Жагсаал хийсэн хүүхдүүд багш нартаа долоон шаардлага тавьсан. Тэдгээр нь “Зүй бус харилцаагаа зогсоо (муухай үгээр загнах, гар хүрэх), эелдэг харилцаж, хүүхдүүдээ сонсдог байх, хичээлээ чанартай заах (амаар бус дохионы хэлээр), спортын арга хэмжээг чанартай өргөн дэлгэр зохион байгуулах, архины хэрэглээгээ зогсоох, дохионы хэл, сонсголгүй хүүхдүүдийн зовлонг мэддэг багш нартай болох гэсэн байсан.
Эдгээр шаардлагыг бид зөв зүйтэй гэж үзээд сургуулийн үйл ажиллагааг сайжруулахыг захиралд нь даалгасан. Үүний дагуу багш нар хөтөлбөр боловсруулж, төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Нэг багшид сахилгын шийтгэл ногдуулсан. Багш нарыг дохионы хэлний сургалтад хамруулж эхэлсэн. Хүүхдийн байгууллагынхан бид ч гэсэн дохионы хэл мэддэг баймаар юм байна. Хүүхдүүдтэйгээ шууд харилцаж чадахгүй нь бэрхшээлтэй байлаа” гэж ярив.
Ниргэсэн хойно хашгирав гэгчээр тус сургуулийн багш нар сургалтын үйл ажиллагаагаа сайжруулах алхам хийж эхэлсэн бололтой. Гэвч хүүхдүүд багш нартаа элдвээр хараалгаж, зодуулдаг, ажлын байрандаа архидан согтуурдаг асуудлыг тавьсаар байгаа юм. Сурагчид харсан зүйлээ л хэлж, шаардлага хүргүүлсэн гэдгийг хүүхдийн төлөө ажилладаг мэргэжлийн хүмүүс нь хүртэл хүлээн зөвшөөрсөн.
Хэлж ярьж, өөрийгөө ойлгуулж чадахгүй учраас хүчирхийллийн золиос болсон цөөнгүй сурагч тэр сургуульд байгаа, өмнө ч байсан гэдгийг олон эх сурвалж хэлж байна. Дотуур байрандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн нэгэн охин ч бидэнд хандсан. Гэвч тодорхой шалтгааны улмаас түүнтэй ярилцах боломжгүй байгаа юм. Харанхуй нүхэнд орхигдсон мэт хэн ч сонсдоггүй, анзаардаггүй тэдний нэг, бэлгийн хүчирхийллийн золиос болж, амиа алдсан охины аав манай сонинд хандав.
Түүний охин 16 жилийн өмнө буюу хараа болон сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд хамт сурдаг байх үед сургуулийнхаа дотуур байрны ойролцоо бусдын гарт амиа алджээ. Үхтэл үр харам гэгчээр охиныхоо үхлийн шалтгааныг үнэн мөнөөр нь тогтоолгохоор хөл хүрэх газраа явж байгаа аавтай ярилцлаа.
Б.ДОРЖГОТОВ: ОХИНЫГ МИНЬ ЯМАР ШАЛТГААНААР ЕГҮҮТГЭСНИЙГ МЭДЭЭД ҮХВЭЛ ХАРАМСАХГҮЙ
-Уучлаарай, тухайн үед юу болсон талаар ярьж өгөхгүй юү?
-2001 оны аравдугаар сарын 12-13нд шилжих шөнө миний охин Д.Өнөржаргал бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан. Өмнөх өдөр нь охин минь над руу залгаад “Аав аа, би маргааш “Нарны хаан хүүхдүүд” гэдэг тоглолтод орно. Бүтэн сайн өдөр та надад цагаан оймс, трико авчирч өгөөрэй” гэж ярьсан. Гэтэл ярьсан шөнөө амиа алдсан байсан. Тэр үед нь охины минь цогцсыг надад харуулаагүй. Шүүх шинжилгээний дүгнэлтээр охиныг минь хүчирхийлж, зүрхэн тус газар нь хоёр удаа үзүүртэй зүйлээр бүлсэн байсныг мэдсэн.
-29 дүгээр сургуулийн хүүхдүүдийн эрх зөрчигдөж, хүчирхийлэлд өртөж байсан нь шуугиан тарьж байна. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Охины минь сурч байсан үед хүртэл ийм асуудал байсан. Тэр үеийн захирал нь дотуур байрны ажилчдыг хүртэл өөрийнхөө хамаатнуудаар дүүргэсэн байсан. Дотуур байрны жижүүрээр эмэгтэй багш ажилладаг байсныг эрэгтэй хүнээр сольсон. Тэр орой багш нар архидсан байдаг юм. Энэ нь нотлох баримтаар ч баталгаажсан.
-Ямар нотлох баримт?
-Архины шил гээд эд мөрийн баримтууд тухайн үед илэрсэн шүү дээ.
-Сургуулийнхаа дотуур байрны ойролцоо амиа алдсан гэл үү?
-19.00 цагаас хойш дотуур байранд эцэг, эхийг нь ч очсон оруулдаггүй байлаа. Гэтэл байрны багш, жижүүр нь солигдсоноос хойш хүчирхийлэл, дарамт гарах болсон. Тэр үед нь ийм асуудал гарсныг захиралд нь хэлэхэд хүлээж аваагүй. Миний охин жижүүрийн өөдөөс харсан өрөөнд амьдардаг байв. (Өрөөг нь би одоо ч зааж өгч чадна). Тэнд ямар нэг хэрэг гарвал жижүүр нь шууд мэдэх боломжтой.
Тухайн үед жижүүр, хоёр асрагч багш нь байсан гэдэг. Гэхдээ тэд байранд байгаа хүүхдүүдээ эргэж тойрдоггүй. Охины минь өрөөний цонхыг онгойлгоод гадагш нь гаргасан байгаа юм. Цонх нь бүхэлдээ төмөр тортой байсан. Охинтой минь нэг өрөөнд байсан хүүхдийг надтай уулзуулаагүй, Архангай явуулчихсан гэсэн.
Бас дотуур байрны ажилтнуудыг ч уулзуулаагүй, ажлаас нь халчихсан байсан. 15-хан настай, харааны бэрхшээлтэй хүүхэд шөнийн цагаар цонхоороо өөрөө гарна гэж байхгүй. Хэн нэгэн гаргаад байрных нь ойролцоо аваачиж, хүчирхийлж, хэрцгийгээр хөнөөсөн байгаа юм. Миний бодлоор энэ захиалгат аллага.
-Та яагаад захиалгат аллага гэж үзэж байгаа юм бэ. 15 настай, хараагүй охиныг захиалгаар хөнөөх шалтгаан бий гэж үү?
-Миний охин гайгүй сайн дуулдаг байсан. Гавьяат жүжигчин Т.Ариунаа “Нарны хаан хүүхдүүд” гэсэн тоглолтдоо тусгай сургуулиас хоёрхон хүүхэд оруулж, Япон руу авч явахаар болсон юм. Түүний нэгд минь миний охин багтсан. Хоёр хоногийн дараа явах байтал ийм хэрэг гарсан. Оронд нь өөр хүүхэд явсан. Охин минь долоон жил тэр байранд амьдарсан.
Багш нар болон жижүүр нь элдвээр биед нь хүрдэг тухайгаа надад хэлж байсан. Энэ тухай захиралд нь хэлэхээр хүлээж авахгүй, “Болохгүй бол хүүхдээ гаргаж ав” гэдэг байлаа. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг шүүх, цагдаагийн байгууллагынхан авч хэлэлцдэггүй юм шүү дээ.
-Таны охины оронд явсан хүүхдийг та таних уу?
-Сайн мэдэхгүй. Ямар ч байсан Японд сураад ирсэн гэнэ лээ.
-Хэргийг хэн үйлдсэн нь өдий болтол илрээгүй гэл үү?
-Тийм ээ. Сургуулийн тухайн үеийн удирдлагуудтай холбоотой учраас энэ хэрэг өдий хүртэл илрэхгүй байна гэж боддог. Захирлынх нь өрөөнд тэр шөнө хулгай орсон гэдэг. Тэр асуудал ч сөхөгдөөгүй. Тухайн үед слесарийг нь хардаж, хэд хэдэн удаа байцааснаас өөр ажил хийгээгүй.
-Хууль зүйн талаас зөвлөгөө өгөх хүн байна уу. Та өмгөөлөгч авч байсан уу?
-Хууль зүйн зөвлөгөө үнэгүй өгнө гэсэн газраар очиж уулзахад туслаагүй. Өмгөөлөгч аваад ч мөнгөний гарз болохоор байсан. Анхнаасаа л энэ хэргийг илрүүлэх сонирхолгүй байсан нь тухайн үеийн гэрч нарыг явуулсантай холбоотой. Тэр үед Сүхбаатар дүүргийн I хэлтэст энэ хэргийг шалгаж байсан.
-Тухайн үеийн сургуулийн захиралд нь арга хэмжээ аваагүй гэл үү?
-Үгүй ээ. Цаана нь их нөлөөтэй хүн байгаа учраас ажлаас нь халаагүй. Төрөлхийн сул хараатай охиноо боловсролтой болгоё гэсэн биш хүний гарт алдсандаа үнэхээр харамсаж явдаг. Хүний амь эрсдчихээд байхад Монголын төр, цагдаа хайхрахгүй байгаад голдоо ортол гомдох юм. Үхтэл үр харам гэгчээр охиныг минь ямар шалтгаанаар егүүтгэснийг мэдээд нүд анивал надад харамсах зүйл алга.
Охиныг минь хэн хөнөөснийг шалгуулахаар хэргийг 2015 онд сэргээлгэсэн. Ерөнхийлөгч, Хууль зүй, дотоод хэргийн сайд цаашлаад НҮБ-ын хүний эрхийн төвд хандана гэж бодож байгаа.