
Сургууль, цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас Улаанбаатар хотод 20 орчим мянган хүүхэд боловсрол эзэмшиж чаддаггүй гэсэн баримт бий. Тэгвэл нийслэлийн Баянгол дүүргийн XVII хорооны хүүхэд багачууд цэцэрлэгтэй болжээ. 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 242 дугаар цэцэрлэгийг барихад шаардлагатай 1.3 тэрбум төгрөгийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар шийдсэн бөгөөд “Наранбулаг” ХХК барилгын ажлыг гүйцэтгэсэн байна. Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд цэцэрлэггүй байсан 26 хорооны нэг нь багачууддаа сургуулийн өмнөх боловсрол олгох өөрийн гэсэн байртай болж буй юм. Баянгол дүүргийн 242 дугаар цэцэрлэг өчигдрөөс хорооныхоо хамран сургах тойргийн 127 хүүхдийг хүлээн авч, сургалтын үйл ажиллагаагаа эхэлжээ.
“Сургуулийн өмнөх боловсрол эзэмшихэд хүндрэлтэй байсан 120 гаруй хүүхэд багачуудад эрдэм мэдлэг түгээх өргөө нээгдсэнд их баяртай байна. Боловсролын чанарын шинэчлэлийн суурь үзэл баримтлал болсон “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” бодлогыг манай хамт олон чанартай, үр өгөөжтэй хэрэгжүүлэхийн тулд бүхий л сэтгэл зүтгэл, итгэлээ дайчлан ажиллах болно” хэмээн тус цэцэрлэгийн эрхлэгч Н.Долгормаа нээлтийн үеэр ярилаа.
Тус цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал, дүүргийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, нийслэлийн Боловсролын газрын хэлтсийн дарга Ж.Энхтөр тэргүүтэй албаны төлөөлөл, иргэд, эцэг, эхчүүд оролцов.