
“NES-Oil” хэмээх шатахуун түгээх станцаараа импортолсон бүтээгдэхүүнээ борлуулдаг “Нью Энержи Стар” ХХК-иас их хэмжээний шатахуун залилсан Б.Төмөртогоо гэдэг хүнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийджээ.
Тус дүүргийн Прокурорын газраас дээрх хүнд бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн юм байна. Тэрбээр 2013 онд “Нью Энержи Стар” ХХК-тай газрын тос худалдах, худалдан авах хуурамч гэрээ байгуулж, 375.440 литр түлш залилан авчээ. Уг түлш нь 788.4 сая төгрөгөөр үнэлэгдсэн аж.
Шүүхээс Б.Төмөртогоод 12 жил хорих ял оноон, 100 мянган төгрөгийн эд хөрөнгийг хураахаар шийдвэрлэсэн байна. Мөн 788.4 сая төгрөг түүнээс гаргуулж “Нью Энержи Стар” ХХК-д олгохоор болжээ.