
Сүлжээний бизнес нэрээр иргэдийг залилан мэхлэх явдал тасрахгүй байна. Монголд 2000-аад оны эхэн үед сүлжээний бизнес нэрээр халхавчилж иргэдийг хохироосон луйврын шинжтэй үйлдэл гарсан. “Шинэ санаа”, “Үйлдлийн шинжилгээний нийгэмлэг”, “Оюунлаг залуучуудын холбоо” гэх зэрэг сүлжээний бизнес залилан бий болж байсан түүхтэй. Хөнгөн хялбар аргаар мөнгө олох гэсэн иргэдийн сонирхол дээр тулгуурлан хэдхэн хүн пирамид шатлалтай залилангийн системийг Монголд оруулж ирсэн.
Иргэдэд урамшуулал амладаг, бараа бүтээгдэхүүнээр халхавчилж иргэдийг татдаг. Үйл ажиллагааг нь зохион байгуулдаг хэдхэн хүн л ашиг хүртэж, сүүлд нь орсон хүмүүс хохирдог, хүн нэмж элсэхээ болимогц нуран унадаг. Хувь хүний шунал дээр дөрөөлөн явуулдаг гэдгийг УЕПГ-ын Сургалтын төвийн судлаач прокурор, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа хэлэв. Манайхан сүүлийн саруудад “Жи тайм” компанийнхны үйлдэлд анхаарал хандуулсан.
Үүнээс гадна “Шарай гол”, “Ultimatecycler” зэрэг хууль бус сүлжээ зохион байгуулдаг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хориглоод байгаа аж. Дээрх сүлжээнүүд нь цахим орчинд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан гэнэ. Тодруулбал, “Onecoin”, “Bitvcoin”, “Easy 1 up”, “Хоох”, “Алтан өндөг”, “Их Баяндалай”, “Ерхөг”, “Үүдэл эс буюу Phyto Science” зэрэг сүлжээнийхэн олон нийтийн цахим хуудсанд “үйл ажиллагаа маань хууль ёсных” хэмээн сурталчилж байгаа аж.
Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8.1.4-т “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаа эрхлэхийг хориглох заалттай ч цахим орчинд нууц, далд хэлбэрээр явагдаж байгаа дээрх сүлжээний гэх тодотголтой бизнест иргэд мөнгөө оруулахад тэр дор нь гадаадын аль нэг улсын данс руу шилжүүлчихсэн байдаг аж.
Гадагш гарч буй мөнгөний урсгалд цагдаагийн байгууллага хяналт тавьж байгаа боловч нэгэнт гадагш гарсан мөнгийг буцаан татаж, эд хөрөнгөө алдсан иргэдийн хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчин хязгаарлагдмал байдаг юм. Тиймээс “Зүгээр сууж байхад л дансанд мөнгө орсоор байх болно. Ажлынхаа хажуугаар их мөнгө олж болох алтан боломжийг битгий алдаарай” гэсэн сурталчилгаанд бүү итгээрэй гэдгийг цагдаагийнхан анхаарууллаа.