
Нүхэн жорлонтой, орцны хана нь мөөгөнцөрт идэгдэж, дээврээс нь ус гоождог орон сууц нийслэлд олон бий. Хотын удирдлагууд ашиглалтын шаардлага хангахгүй болсон эдгээр орон сууцны барилгыг буулгаж, шинийг барих журам гарган, гурван жилийн өмнөөс төсөл хэрэгжүүлж эхэлсэн ч өдгөө хуруу дарам цөөн барилга л барьжээ. Гэсэн ч хэзээ мөдгүй нурах дөхсөн балгасан дунд амьдарч буй хүмүүс шинэ байрандаа удахгүй орох нь гэх итгэлээ алдаагүй сууна. Харамсалтай нь, арван жилийн өмнө ийм төсөлд хамрагдсан 300 айл орох оронгүй хэвээр байна. Тэд Сүхбаатар дүүргийн X хорооны иргэд юм. “Зуун айлын цагаан байр” гэх хоёр давхар, долоон байранд нийтдээ 320 орчим өрх амьдардаг байжээ. Харин одоо хаалга, цонхгүй, хогонд дарагдсан байранд 140 айл амьдарч байна. 2009 онд “Гэзэгийн худаг” гэх компанийнхан хуучин байрыг нь шинэ орон сууцаар солих санал тэдэнд тавьсан аж. Гэвч оршин суугчид тэднийг дэмжилгүй буцаасан аж. Гэтэл түүнээс нэг жилийн дараа уг компанийнхан тухайн байрнуудыг буулгаж, төлөвлөлт хийх эрх авч очсон байна. Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу VII хорооллын хэсэгчилсэн талбар Ж-1 хэсэгт төлөвлөлт хийх эрх авсан гэсэн үг. Уг төслийг дэмжээгүй оршин суугчид юу болсныг “Гэзэгийн худаг”-ийнхнаас лавлахад “Хотын захиргаанаас зөвшөөрсөн” гэжээ. Харин нийслэлийн Хот байгуулалт, төлөвлөлтийн газар (одоогоор Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар)-ынхан “Оршин суугчдын 80-аас доошгүй хувь нь дэмжсэн тохиолдолд бид зөвшөөрөл олгодог. Зуун айлын оршин суугчид энэ компаниар төлөвлөлт хийлгэхийг зөвшөөрсөн байна. 300 гаруй хүний гарын үсэг бүхий баримт ирсэн” гэсэн хариу өгсөн байна.
“ГЭГЭЭ-9” СӨХ БУРУУТАЙ ЮУ
Ингээд л тус компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж байсан иргэд үүссэн нөхцөлийг хороо, дүүргийнхээ удирдлагад уламжилж эхэлжээ. Тэгж явахдаа “Гэзэгийн худаг” компани 290 өрхийн зөвшөөрсөн саналыг хуурамчаар үйлдсэнийг мэдсэн байна. Энэ талаар оршин суугч Н “Энэ хэргийн гол буруутан нь “Гэгээ-9” СӨХ-ны дарга О.Сэлэнгэ. Оршин суугчдын мэдээллийг барилгын компанид өгч, хуурамч материал бүрдүүлэхэд нь тусалсан. Зөвшөөрсөн хүмүүсийн жагсаалтад хөрш П-гийн нэр байхыг хараад түүнд хэлэхэд “Би гарын үсэг зураагүй” гэсэн. Бид энэ хүмүүсээс болоод хохирчихоод байна” гэж ярив. Харин өөр нэг оршин суугч “Тус компани ажлаа эхлүүлэх гээд биднийг нүүхийг шаардсан. Ингээд зөвшөөрөөгүй айлуудыг нүүхээс өөр аргагүй болгосон. Юу вэ гэхээр айл бүрт 3.6 сая төгрөг өгч, нүүх санал тавьсан. Хэдэн өрх нүүхийг зөвшөөрөөд, гэрээ байгуулж мөнгөө авахад нь хаалга, цонхоо авч явах шаардлага тавьсан байдаг. Ингээд айлууд нүүж, байрны зарим өрөө хогийн сав, жорлон болсон доо. Уг нь тус компанийнхан эхлээд хоёр барилга барьж айлуудаа оруулна гэж байв. Гэтэл нэг барилгын суурь ухсанаас өөр ажил хийгээгүй. “Гэгээ-9” СӨХ-ны дарга О.Сэлэнгэ нийтийн эзэмшлийн газарт чингэлэг байрлуулж, түрээслүүлдэг байсан. Гэтэл нэг өдөр чингэлгүүдээ авч, “Гурван билэг” гэх компаниар барилга бариулж, оршин суугчдыг оруулна гэсэн. Гэвч тэр байранд манайхны нэг ч хүн ороогүй шүү дээ” хэмээн ярив.
2010 онд “Гэзэгийн худаг” компанийн төсөл хэрэгжүүлэхийг хүссэн өргөдөл, материалыг нийслэлийн Хот байгуулалт, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Д.Хан-Уул хүлээн авч, шалгажээ. Хуурамч баримтыг нягтлаагүй, ажилдаа хариуцлагагүй хандсан гэж түүний талаар хохирогчид мэдүүлж байна. Болсон явдлыг Д.Хан-Уулаас тодруулахад “Тухайн үед ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин барилгажуулах журам байгаагүй. Хуулбар үнэн гэсэн 300 гаруй хүний зөвшөөрөлтэй баримт манай байгууллагад ирүүлсэн. Мөн СӨХ-ноос нь “Дэмжиж байна” гэсэн бичиг илгээсэн байсан. Гэтэл уг баримтыг тус компанийнхан хуурамчаар үйлдсэн гэдгийг хууль, хяналтын байгууллагынхан тогтоосон. Тухайн үед бүгдийг нь нотариатаар батлуулсан байв. Тиймээс би хуурамч гэж бодоогүй ээ” гэлээ.
ХОХИРОГЧДЫН ТОО ЦАГААН БАЙРНЫХНААР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ
Барилгын ажлаа эхлүүлээгүй атлаа 2012 онд “Гэзэгийн худаг” компанийн захирал З.Насанжаргал “Бид Зуун айлд маш олон айлын орон сууц барьж байгаа. 320 айлыг оруулаад, үлдсэнийг нь хямд үнээр худалдана” хэмээн зар тараажээ. Ингээд 245 хүнээс захиалга авч, 1.8 орчим тэрбум төгрөг авсан аж. Мөн хуучин барилгыг буулгах эрх олгоно хэмээн энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компани, материал худалддаг 40 гаруй аж ахуйн нэгжээс 2.6 тэрбум төгрөг залилжээ. Тухайлбал, ОХУ-ын нэгэн компанитай гэрээ байгуулж, нэг барилгын суурийн нүхийг ухуулаад хөлсийг нь өгөөгүй, мөн нэгэн компаниас их хэмжээний арма тур төмөр зээлж аваад, төлбөрийг нь төлөөгүй гэнэ.
Орон сууцны захиалга өгч хохирсон иргэдийн төлөөлөл О-тай уулзсан юм. Тэрбээр “Тус байрны СӨХ-ны дарга О.Сэлэнгэ гэх эмэгтэйгээр дамжуулж уг компанитай холбогдсон. Ингээд 20 гаруй сая төгрөгөө залилуулсан. Анх байр захиалах гэрээ байгуулсан “Гэзэгийн худаг”-ийн захирал З.Насанжаргал нас барчихсан. Хохирсон иргэд холбоо байгуулаад, хууль хяналтын байгууллагад хандаж буй ч өгсөн мөнгөө буцаан авах боломжгүй байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан эх сурвалж хохирогчдын ярьсныг үнэн хэмээн баталж байна. Тэрбээр “Сууц өмчлөгчдийн холбоо дахин барилгажуулах ажлыг дур мэдэн эхлүүлснээс болж олон хүн хохироод байгаа. “Гурван билэг” гэх компанид газраа өгч, барилга бариулаад нийтийн байрны оршин суугчдыг оруулна гээд залилсан байдаг. Гол буруу нь О.Сэлэнгэ гэдэг хүнд бий. Мөн оршин суугчид нь хоёр хуваагдсан. Зарим хэсэг нь СӨХ-тойгоо нийлж, хувийн компаниар төлөвлөлт хийлгэнэ гэдэг. Харин бусад нь хотын захиргаанаас гаргасан журмын дагуу төлөвлөлт хийлгэх сонирхолтой” гэж ярив.
“ХҮМҮҮС ХОХИРЛОО БАРАГДУУЛАХ БОЛОМЖГҮЙ”
Зуун айлын цагаан байр, "Гэзэгийн худаг" компанийн талаар мэдээлэл цуглуулах явцад “Одоо өнгөрсөн” хэмээн толгой сэгсрэх хүн олон таарав. Учир нь “Гэзэгийн худаг” ХХК-ийн захирал З.Насанжаргал 2015 оны наймдугаар сард өвчний улмаас нас баржээ. Тиймээс Сүхбаатар дүүргийн Прокурорын газар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гэнэ. Түүнтэй гэрээ байгуулж, байрны урьдчилгаа өгсөн хүмүүс мөнгөө буцаан авах боломжгүй болж байгаа юм. Харин түүний албан тушаалыг авсан Должинсүрэн өнгөрсөн онд залилангийн хэргээр шүүхээс ял сонссон гэнэ. Улмаар шүүх шийдвэр гаргаж, “Гэзэгийн худаг” компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан байна. Ингэснээр “Хэрэв барилга баривал бид хэзээ нэгэн цагт байрандаа орно” гэсэн захиалагч нарын сүүлчийн итгэл алдарчээ. Мөн төсөл хэрэгжүүлэх эрх авснаас хойш эзэмшиж буй газрынхаа төлбөрийг ч төлөөгүй аж. Үүнийг нийслэлийн Газрын албаны мэргэжилтнүүд батлан хэлсэн юм. Сүхбаатар дүүргийн X хорооны Засаг дарга Б.Энхбат уг асуудлыг хороо байтугай дүүргийн удирдлагууд ч шийдэх боломжгүй гэдгийг олонтаа онцолж байв. Хохирогчид өнгөрсөн хугацаанд бүхий л шатны байгууллагад хандсан ч тусыг эс олжээ. Тиймээс дахин барилгажуулах ажлыг нийслэлийн удирдлагуудад даатгахаар бичиг хүргүүлсэн байна. Тэрбээр “Энэ их будилаантай. 2006 оноос эхэлсэн юм билээ. “Гэзэгийн худаг”-ийнхан барилга барих эрхээ “Өндөр заяа” гэдэг компанид шилжүүлсэн байдаг. Ингэсээр байгаад барилга барих газаргүй болчихлоо. Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл арван айлыг “Ахмадын орон сууц”-нд оруулсан. Нэн ядуу өрхүүдийг шүү дээ. Болгоомжтой байхгүй бол их асуудал дагуулна шүү, миний дүү. Хохирсон хүмүүс ч яах вэ, бусад нь байнга шүүхэд зарга мэдүүлж явдаг юм” хэмээн ярилаа.
Тэгвэл хотын захиргаа уг хэсэгт дахин сонгон шалгаруулалт зарлаж, барилгажуулах болсон тухай нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрынхан хэлэв. Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатараас энэ талаар тодруулахад “Хохирсон иргэдийн талаар “Эмнести интернэшнл” зэрэг хэд хэдэн байгууллагаас бидэнд хандсан. Үүний дагуу бид тухайн байрнуудын оршин суугчдаас санал асууж, тун хэцүү байдалд орсон арван өрхийг түр сууцанд оруулсан. Боломжийнхоо хэрээр ийм л арга хэмжээ авч байна. Ирэх зургадугаар сард багтаан тухайн байршил дээр төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулна. Хотын төвд ойрхон, байрлал сайтай газар учир оролцох аж ахуйн нэгж олон бий гэж найдаж байгаа” хэмээн ярив.
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗРЫГ СӨХ-НД ӨГВӨЛ БИД БАРИЛГАА ӨӨРСДӨӨ БАРИХ БОЛОМЖТОЙ
Энэ бүхний эцэст, “Гэгээ-9” СӨХ-ны дарга О.Сэлэнгээс дараах зүйлсийг тодрууллаа. Оршин суугчдын хэлж буйгаар тэрбээр өдгөө холбоогоо ХХК болгож, гадаадын компаниар барилга бариулахаар хөөцөлдөж буй аж.
-Эдгээр байрны дахин төлөвлөлтийн асуудал яг юу болоод байна вэ?
-“Гэзэгийн худаг” гэх компани хуучин байрнуудыг буулгаж, шинийг барихын тулд их мэрийсэн. Тэгж байтал захирал Насанжаргал нь нас барсан. Түүний ажлыг авсан Должинсүрэн ч их хөөцөлдсөн. Оршин суугчдыг байртай болгохын тулд бусад компаниас туслалцаа хүсэж, илүү орон сууцандаа захиалга авч байсан. Даанч тэр арга нь буруудаад залилан болж, хэрэг хүлээсэн дээ. Тиймээс манай СӨХ иргэдтэйгээ хамтран өөрсдөө хөрөнгө оруулагч олсон. Гэтэл нийслэл, дүүргийн удирдлагууд төлөвлөлт хийлгэх нэрээр газрыг минь булааж авах гээд байна. Ч.Улаан, Идэвхтэн, Г.Мөнхбаяр, Б.Билэгт, Чимэд-Очир гээд үе үеийн дарга нар манай газрыг хуваагаад авчихсан. Уг нь бид Монголд байхгүй хөрөнгө оруулалт олж чадсан. Өөрсдөө барьж чадахгүй бол биднийг дэмжих хэрэгтэй шүү дээ.
-Таныг хуурамч баримт бүрдүүлж, “Гэзэгийн худаг” гэх компанийнхантай үгсэн тохиролцож, иргэдийг хохироосон гэж сонслоо.
-Би энэ компанийг авчраагүй, 2006 онд Засаг даргын өгсөн даалгаврын дагуу судалгаа л хийсэн. Айлуудын мэдээллийг үнэнээр нь л гаргаж өгсөн. “Гэзэгийн худаг” компани бүх зөвшөөрлөө гаргуулж, эрх авсан.
-Оршин суугчдын 80 хувь нь зөвшөөрсөн тохиолдолд барилга барих эрх олгодог. Гэтэл та нас бараад хоёр жил орчим болсон хүнийг амьд мэтээр баримт бүрдүүлж, оршин суугчдынхаа гарын үсгийг хуурамчаар бүрдүүлсэн юм биш үү?
-Тэр үед Зуун айл үнэхээр хэцүү байсан. Би СӨХ-ны дарга болоод бүгдийг өөрчилсөн. 2008 онд дарга нар манай байрнуудын орчимд чингэлэг байрлуулж, түрээсийг нь өөрсдөө авдаг байсан. Харин би түрээсийг СӨХ-ны орлого болгож, засвар үйлчилгээ хийсэн. Гэтэл хорооны Засаг даргаар Бямбацэдэн гэдэг хүн томилогдож ирээд л үймүүлчихсэн шүү дээ.
-Одоо төсөл хэрэгжүүлэгчээ сольж байгаа юм уу?
-Тийм. СӨХ барилгын компанитай гэрээ байгуулах эрхгүй учраас хуулийн этгээд болсон. Ингээд Солонгосын барилгын компанитай гэрээ байгуулж байна. Нутагтаа эхний гуравт ордог том компани юм билээ. Тэд өөрсдөө барилгаа барих чадамжтай. Газрыг бидний эзэмшилд өгчихвөл тэд хөрөнгөө оруулна. Хотынхон ухаалаг шийдвэр гаргах хэрэгтэй байна. Тохилог орчинд амьдрахыг хүссэн иргэдийн хүчин чармайлт дээр тулгуурлан ашиг олсон хүмүүст өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээлгээгүй нь үнэхээр гайхмаар. Уг нь тэд 2011 оноос өнөөдрийг хүртэл хотын удирдлага, хууль, хяналтын байгууллагад хандсан ч өдий хүртэл асуудлыг нэг тийш нь шийдэж чадаагүй байна. Дашрамд, СӨХ хуулийн этгээд болох эрх зүйн үндэс байхгүй аж.