
Богд хааны амьтдын цуглуулгын нэгээхэн хэсэг болох шувуудын 70 гаруй чихмэл тун удахгүй “амь орох нь”. Эдгээрийг одоогоос 116 жилийн өмнө Богд хааны захиалгаар Герман улсын Гамбург хотод хийсэн бөгөөд Монгол оронд амьдардаггүй дэлхийн олон тивийн сонин содон шувууг багтааснаараа онцлог гэнэ. Богд хааны oрдон музей ХБНГУ-ын Гөрлиц хотын Зенкенбергийн Байгалийн түүхийн музейн хооронд байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн жилээс энэхүү шувуудын чихмэлийг сэргээн засварлаж, төрөл зүйлийг нь тодорхойлж буй юм.
“1901 онд Германд хийсэн амьтдын чихмэлийг тус улсын мэргэжилтнүүд ирж, сэргээн засаж буй нь онцгой ач холбогдолтой, түүхэн үйл явдал болж байна. Нийгэм цаг үеийн хурдацтай хөгжил, үйлдвэржилт, хотжилт гэх мэт олон шалтгааны улмаас дэлхий дээр зарим амьтны төрөл зүйл ховордож, улмаар мөхөж үгүй болох аюул нүүрлэж буй өнөө үед одоогоос 116 жилийн өмнө хийсэн, Богд хааны амьтны чихмэл цуглуулга дотор устаж үгүй болсон амьтны чихмэл байхыг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс ч эдгээр чихмэл цуглуулгын шинжлэх ухааны болон танин мэдэхүйн олон талын үнэ цэнэ, ач холбогдол улам бүр өсөж, нарийвчилсан судалгаа шинжилгээ хийж засварлах шаардлагатай болсон” хэмээн Богд хааны oрдон музейнхэн хэллээ. Энэхүү төсөл хоёр үе шаттай бөгөөд эхний шатны ажил өнгөрсөн оны арваннэгдүгээр сард амжилттай өндөрлөсөн бол энэ удаагийнх нь дөрөвдүгээр сарын 20-ноос эхлээд буй.
ХБНГУ-ын Зенкенбергийн Байгалийн түүхийн музейд 1984, 1992 оноос сэргээн засварлагчаар ажиллаж буй Х.Маргит, Г.Диана нар энэ төслийг голлон удирдаж буй. Харин МУИС-ийн Биологийн тэнхимийн профессор С.Гомбобаатар болон түүний шавь нар шувууны төрөл зүйлийн судалгаа, нутагшлыг тодруулахад хамтран ажиллаж, герман мэргэжилтнүүдийн зөвлөснөөр шувууны чихмэлүүдээр каталоги гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.