
Гадаад паспортоо сунгах эсвэл, шинийг захиалахын тулд банкинд хамгийн багадаа нэг цаг дугаарлан зогсдог. Тэгвэл өнөөдрөөс банкинд мөнгө тушаах шаардлагагүй болов. Тодруулбал, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар (ОӨУБЕГ)-ынхан бүртгэлийн үйл ажиллагааг түргэн шуурхай хүргэхийн тулд банкны карт уншигч буюу пос машин хэрэглэх нь. Карт уншигч ашиглахад тохиромжтой, эсэхийг судлах үеэр иргэдийн дугаарлах хугацаа нэлээд хувиар багасаж байжээ. Түүнчлэн бүртгэгч нарын ажлын ачаалал нэмэгдээгүй аж. Иргэд гадаад паспорттой холбоотой тэмдэгтийн хураамжийг бүртгэглийн ажилтанд тушаана гэсэн үг юм. “Банкуудтай харилцан тохиролцохын тулд багагүй хугацаа зарцууллаа. Эхний ээлжинд Зуун айл дахь гадаад паспортын үйлчилгээндээ карт уншигч ашиглаж эхэллээ. Тун удахгүй улсын бүртгэлийн бүх үйлчилгээндээ үүнийг ашигладаг болно” гэж ОӨУБЕГ-ын мэргэжилтэн ярив.