
Энд тэндгүй хүчтэй дэлбэрэлт болж, чих дөжрөм дуунаас нь охид, бүсгүйчүүд давхийн цочиж, зарим нь чихээ даран сууж харагдав. Очир толгой орчмын газар тэр чигтээ утаа, тоосонд дарагдаж, дарийн үнэр хамар цоргино. Дараалсан олон дэлбэрэлтэд газар хүртэл ёолж байна уу даа гэлтэй үе үе хүчтэй доргив. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатарын илтгэснээр бол давшилтад орсон дайсны артиллерийн цохилт эхэлж буй нь энэ гэнэ. Дайсны бие бүрэлдэхүүн, хүч хэрэгсэл манай артиллерийн цохилтын бүсэд орж ирмэгц хориглолтод байсан Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны “Катюша” буюу “БМ-21” хариу гал нээж, тийрэлтэт сум нь цахилгаан цахилж, аянга буув уу гэлтэй нирхийх нь бахархалтай. Артиллерийг “дайны бурхан” хэмээн нэрлэдэг нь үнэн бололтой. Ийнхүү манай артиллер, танк эсэргүүцэгч залуурт сум, “Т- 72” танк, БТР-үүд давшиж буй дайснуудад суман мөндөр буулгаж эхлэв ээ. Улмаар хориглолтод байсан манай мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн сөрөг давшилтад орж, ухарсан дайсныг мөрдөн хөөв. Хуурай замын цэргийн командлагчийн илтгэснээр хориглох байлдааны үеэр манай цэргүүд дайсны бие бүрэлдэхүүн, зэвсэг техникт ихээхэн хохирол учруулж, агаарын байны 90, газрын байны 99 хувийг устгажээ. Дайснаа дарж, дархан цолоо мандуулсан манай мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн, зэвсэг техниктэйгээ ёслолын жагсаалаар явж, алга ташилтаар мялаалгав. Энэ бүхэн Зэвсэгт хүчний Тавантолгой дахь сургалтын нэгдсэн төвд уржигдар болсон байлдааны буудлагатай Мотобуудлагын батальоны хээрийн сургуулийн үеэр болсон юм. Байлдааны буудлагатай хээрийн сургуульд Зэвсэгт хүчний найман анги, салбарын 500 шахам бие бүрэлдэхүүн, 60 гаруй нэгж зэвсэг техниктэйгээ оролцлоо. Зэвсэгт хүчний хэмжээнд сургалт, дадлага дууссан хавар, намар хээрийн ийм сургууль хийдэг аж. Хаврын хээрийн сургуулийг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүд үзэв. ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, тус штабын удирдах бүрэлдэхүүн тэдэнд хээрийн сургуулийг тайлбарлаж, ажлаа танилцууллаа.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяраас энэ удаагийн хээрийн сургуулийг УИХ-ын гишүүд үзэж байгаагийн зорилгыг асуухад:
-УИХ-аас Батлан хамгаалах тухай багц хуулийг батлан гаргасан. Одоо манай батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийхэнд хууль эрх зүйн орчин хангалттай бүрдсэн. Хуулийн хэрэгжилт ямар байна вэ, зэвсэг, техник, бие бүрэлдэхүүний бэлэн байдал, чадвар ямархуу байгааг үзэх зорилготой ирсэн. Хээрийн сургуулийн явцаас үзэхэд манай Зэвсэгт хүчний чадвар, бэлэн байдал хэвийн хэмжээнд байгаа юм байна гэв. ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа хээрийн сургуулийн дүгнэн “Манай бие бүрэлдэхүүн хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байгаа. Хээрийн сургууль бол Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний өдөр тутам хийдэг бэлтгэл. Байлдааны буудлагатай хээрийн сургуулийг жилд хоёр удаа, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэдэг. Өнөөдрийн сургууль дадлага тавьсан зорилгоо амжилттай биелүүллээ” хэмээн ярив. Байлдааны буудлагатай хээрийн сургуулийн дараа УИХ-ын гишүүд, Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын удирдлагууд Таван толгой дахь Сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцсан. Энэ сарын дундуур Зэвсэгт хүчний хэмжээний марш тактикийн тэмцээн болох юм билээ. Тэмцээнд оролцохоор 36 анги салбарын 42 багийн тамирчид ирээд байна. Түүнчлэн Германы цэргийн багийн бүрэлдэхүүнд багтан Афганистанд үүрэг гүйцэтгэх энхийг сахиулагчдын хамтарсан бэлтгэлийг сонирхов. ХБНГУ-ын цэргийн багийн ахлагчийн ярьж буйгаар тус улсын энхийг сахиулагчид Афганистаны Мазари-Шариф хотод монгол цэргүүдтэй хамт үүрэг гүйцэтгэхдээ ихэд дуртай байдаг гэнэ. Тэд манай алба хаагчдын ур чадвар, сахилга батыг ихэд үнэлдэг гэсэн. Тус улсын цэргийн бүрэлдэхүүнд багтан үүрэг гүйцэтгэх манай энхийг сахиулагчид Германы зэвсэг техник ашигладаг юм байна. Тиймээс дэлхийн хүчирхэг арми бүхий тус улсын зэвсэг, техникийг эзэмшдэгээрээ энэ сургалт ач холбогдолтой ажээ. Ийнхүү Тавантолгойд болсон хээрийн сургуульд амжилттай дууслаа.