
Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимд нэг шүүгчийн орон тоо гараад багагүй хугацаа өнгөрлөө. Уг орон тоонд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ ганцаараа нэр дэвшин шалгалт өгсөн боловч Шүүхийн мэргэшлийн хорооноос авсан шалгалтад бүдэрчээ.
Тэрбээр Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийг, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч болсон хойноо УИХ-ын гишүүн агсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох зэрэг олны анхаарал татсан хэргийн шүүх хурлыг даргалан шийдвэрлэж байсан юм. С.Соёмбо-Эрдэнэ шүүгчийн тухайд “Шүүгчийн туслахаар ажиллаж байхдаа хавтаст хэрэгт байсан нотлох баримтыг сольж, хуурамч баримт хийж байсан. Тэр үед нь шүүхээс хөөх тухай яригдсан ч тэгсхийгээд өнгөрсөн” гэсэн яриа шүүгчдийн дунд байдаг.
Уг нь түүнийг нэлээд дээрээс “Улсын дээд шүүхийн шүүгчийн орон тоонд заавал тэнцүүл” гэсэн чиглэл өгсөн сураг байсан ч хоёр ч удаагийн шалгалтад тэнцээгүй нь ШЕЗ-өөс Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүгчийн нэг орон тоонд дахин сонгон шалгаруулалт зарлах үндэслэл болсон сурагтай. С.Соёмбо-Эрдэнэтэй анх өрсөлдсөн ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг Үндсэн хуулийн цэцэд хандсантай холбоотойгоор нэрийг нь түдгэлзүүлсэн байх магадлалтай.
Цэц өнгөрсөн долоо хоногт “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хяналтын шатны шүүхийн шүүгчид тавьсан зарим болзол, шаардлага нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй” гэсэн дүгнэлт гаргасан юм.
Уг орон тоонд хоёр хүн нэр дэвшсэн бөгөөд энэ удаад шүүгч С.Соёмбо-Эрдэнэ нэрээ дэвшүүлээгүй гэнэ.
Нэр дэвшигчдийн нэг нь Ховд аймгийн гаралтай, эдүгээ Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж буй Б.Батзориг юм. Нөгөө нь “Бэст лав консалтинг” хууль зүйн нөхөрлөлийн захирал, өмгөөлөгч Л.Батжав. 2006-2009 онд Ерөнхийлөгчийн, 2010-2011 онд УИХ-ын Тамгын газарт референт, 2011-2012 онд БОАЖЯ-нд газар, хэлтсийн дарга зэрэг алба хашиж явсан түүнийг БХИС-д багшилж байхдаа тухайн үеийн Батлан хамгаалахын сайд Ш.Түвдэндоржийн докторын диссертацыг бичиж өгсөн гэх хэл ам дагалдаж явдаг юм билээ.