
Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газрынхан хууль бусаар оршин сууж, биеэ үнэлж буй монгол бүсгүйчүүдийн асуудлыг цэгцлэхээр ажиллаж байна. Хэдийгээр гадаад улсад биеэ үнэлэгч нэрээр амьдарч буй ч Монгол Улсын иргэн гэдэг утгаар нь тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, болзошгүй гэмт явдлаас урьдчилан сэргийлэх шаардлагатай гэж Консулын газрынхан үзсэн аж. Тиймээс Эрээн хотын удирдлагуутай уулзан, биеэ үнэлж байсан цөөнгүй монгол эмэгтэйг саатуулж, ирээдүйд өртөж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэн нутаг буцааж эхэлсэн гэнэ.
Эрээн болон БНХАУ-ын бусад хот, мужид биеэ үнэлж буй бүсгүйчүүдээс бэлгийн замын халдварт өвчин, ДОХ илэрч болзошгүй тул урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах талаар манай холбогдох байгууллагынхан ярьж буй юм. Түүнээс гадна Эрээнд биеэ үнэлж байсан бүсгүйчүүд мансууруулах бодис хэрэглэх, Монгол руу дамжуулан худалдсан хэрэг нэг бус удаа гаргаж байсан учраас тэднийг хууль хяналтын байгууллагынхан байнгын хяналтдаа байлгахаар болжээ.
Үүнээс гадна Эрээн дэх Монголын Консулын газарт БНХАУ-д визгүй зорчих хоногоо хэтрүүлсэн, торгуулийн мөнгөгүй, нутаг буцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн өргөдөл олон ирж буй учраас 2016 оны гуравдугаар улирлаас эхлэн тойргийн хэмжээнд хууль бусаар оршин сууж байгаа иргэдийг бүртгэж эхэлжээ. Дээрх ажил Эрээнээс хальж Хөх хот, Бээжин, Шанхай, Тунляо, Бугат, Гуанжоу гээд олон газрыг хамраад байгаа юм байна. Тиймээс эхний ээлжинд визний хугацаа хэтэрсэн нялх хүүхэдтэй, хүнд нөхцөлд амьдарч буй архины хамааралд орсон, сэтгэцийн эмгэгтэй, хэвтэрт орсон иргэдийг буцаасан байна.