
ОХУ-д болсон уран гимнастикийн тэмцээнд оролцсон манай тамирчид буцах замдаа зам, тээврийн осолд оржээ. Тэд Улаан-Үдэд очихоор энэ сарын 7-нд Өвөрбайгалийн хязгаарын Агийн Буриадын тойргийн Ага тосгоноос хөдөлжээ. Ингээд тухайн өдрийн 17.00 цаг орчимд, уг тосгоноос 50 км зай явж байхдаа осолдсон аж. Ослын улмаас хоёр тамирчин хөнгөн бэртэл авч, Чита хотын хүүхдийн эмнэлэгт эмчлүүлсэн гэнэ.
Энэ талаар ГХЯ-ны мэргэжилтнээс тодруулахад “20 хүнээс бүрдсэн гимнастикийн багийнхан осолд орсон. Хөнгөн бэртэл авсан хоёр хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлсэн гэх мэдээллийг бидэнд ирүүлсэн” гэв. Харин Улаан-Үд дэх Ерөнхий консулын газрын эх сурвалж “Тус багт 7-16 настай 18 хүүхэд, хоёр том хүн явсан. Бэртсэн хүүхдүүд ес, 11 настай. Тэдний биеийн байдал сайн, бид ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна” гэв. Тамирчид манай улсын нэгэн компанийн автобусаар явж байжээ.
Тэд өгсүүр замаар явж байсан учир хурд хэтрүүлээгүй, харин жолооч зам дээрх саадыг тойрох гэж байгаад жолоогоо алдаж, автобусаа унагасан гэх мэдээллийг бидэнд өглөө. Монголын гимнастикийн холбооны болон хүүхдүүдийн эцэг, эхийн төлөөлөл “Манай хүүхдүүд хөнгөн бэртсэн. Осол жолоочийн буруугаас болсон гэх урьдчилсан дүгнэлт гарсан гэсэн. Тиймээс хүүхдүүдийг авчрах зардлыг тухайн компаниас гаргалаа. Маргааш (өнөөдөр) Ялалтын баяр тохиож буй учир, байгууллагууд нь хагас ажилладаг юм билээ. Сая (өчигдөр 19.10 цаг) хүүхдүүд галт тэргэнд суусан” гэв.
Дашрамд дурдахад, тус багийнхан эл тэмцээнээс нутагтаа зургаан алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль авчирч буй аж. Багийн гишүүн Э.Ануцэцэн, Б.Номин-Эрдэнэ, Г.Энх-Үжин, Б.Хулан нар ганцаарчилсан төрлөөр, дунд болон ахлах насны баг алтан медаль хүртжээ. Харин мөнгөн медалийг Э.Анхилуун болон бага насны багийнхан авсан гэнэ. Харин хүрэл медалийг А.Урангоо, У.Оюунцэцэг нар ганцаарчилсан төрлөөр, дунд насны II баг хүртжээ.