
БНХАУ-ын иргэн Өргөнталд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-31-нд шилжих шөнө айлын дөрвөн настай хүүг, эхнэрийнхээ хамтаар заазуурдан хөнөөж, дагавар хүүхдээ хүнд гэмтээсэн хэргийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хорчин зүүн үзэмчин хошуунд төрсөн, орчуулагчаар “Жигүүр гранд”, “Бэрэн”, “Хуа Ди” зэрэг компанид ажиллаж байсан Өргөнтал гэгч үйлдсэн юм.
Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас “Хувийн таарамжгүй харилцаанаас болж эхнэр Х-г гар, толгойд нь зургаан удаа заазуурдаж бүрэлгэсэн. Уг гэмт хэргээ нуун далдлах зорилгоор гэрт нь хонож байсан дөрвөн настай А-ын зулайд хүйтэн мэсээр цохиж хөнөөсөн, 12 настай Б-д хүнд гэмтэл учруулан санаатайгаар бүрэлгэхийг завдсан” гэсэн үндэслэлээр түүнд яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунчимэг, Б.Дашдондов, Г.Мөнхзул, улсын яллагч НПГ-ын хяналтын прокурор Н.Амарсанаа, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын бүрэлдэхүүнтэйгээр 09.00 цагт хэлэлцсэн юм. Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр шүүгчдэгч Өргөнтал “Архи ууснаас болж ийм хэрэг хийлээ. Архи уугаагүй бол ийм зүйл болохгүй байсан. Би гэр бүлдээ хайртай байсан” хэмээн мэдүүлсэн юм.
Улсын яллагч Н.Амарсанаа эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасан хамгийн дээд ял болох цаазын ял сонсгосон. Харин шүүх бүрэлдэхүүн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн цаазын ялаас татгалзах санаачилгын хүрээнд хэргийг шийдвэрлэж, 25 жил хорих ял оноон, түүний таван жилийг нь гянданд, үлдсэнийг нь чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр боллоо. Түүнээс 8.7 сая төгрөг гаргуулан хохирогчдын хууль ёсны төлөөлөгч нарт олгохоор шийдвэрлэв.