

Бусдын сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ зориулдаг хүн бүрийн баяр өчигдөр тохиолоо. Энэ үеэр цэнхэр, ногоон, шар, улаан зэрэг өнгө өнгийн хантаазтай өсвөрийн улаан загалмайч 1000 хүүхэд Төв талбайд бүжив. Тэд өнөө жилийн Хүмүүнлэгийн өдрөөрөө хүүхдүүдийг зам, тээврийн осолд өртөхөөс сэргийлэхийг уриалсан юм. Энэ оны эхний дөрвөн сард зам, тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн талаарх мэдээлэл болон сэргийлэх зөвлөмж барьсан багачууд Д.Сүхбаатарын талбайд цуглажээ.
Монголын улаан загалмай нийгэмлэг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зуданд нэрвэгдсэн малчдад туслах хүмүүнлэгийн ажиллагааг олон улсын хэмжээнд зохион байгуулсныг энэ үеэр мэдээлэв. Өнгөрсөн онд 17 аймгийн 5400 малчин өрхөд 1.6 тэрбум төгрөгтэй тэнцэх тусламж үзүүлсэн байна. Харин энэ жил 12 аймгийн 109 сумын 3480 өрхийн 11300 хүнд 1.8 тэрбум төгрөгийн туслалцаа үзүүлжээ. Цаашид мөнгөн тусламжаас гадна малчдын дунд зудаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр уулзалт зөвлөгөөн, сургалт зохион байгуулж, хадлан тэжээл бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэлээ базаахад нь дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж буй гэнэ.
Улаан загалмайчид өнгөрсөн хоёр жилд гамшгаас урьдчилан сэргийлэх тухай сургалт, сурталчилгааг 60 мянган хүнд хүргэж, 368 мянган хүнд халамжийн үйлчилгээ үзүүлсэн аж. Мөн эрүүл мэндийн анхны тусламжийн тухай мэдлэгийг 67100 хүнд олгосон байна. Өдгөө тус байгууллага 128827 гишүүн, 7000 мэргэшсэн сайн дурынхан, анхан шатны 703, дунд шатны 33 хороо, 55406 өсвөрийн улаан загалмайч, 17025 залуу улаан загалмайч, 29800 хүндэт донортой хүмүүнлэгийн байгууллага болон өргөжжээ.