
Монгол, Оросын найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгийн 70 жилийн ой энэ сарын 22-нд тохионо. Гадаад улс, тэр дундаа ЗХУ-тай найрамдлаа бэхжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, түүх, соёлыг харилцан сурталчлах зорилгоор 1947 онд тухайн үеийн тэргүүний сэхээтнүүдийн санаачилгаар Гадаадтай найрамдал, соёлоор харилцах товчоо байгуулсан нь манай улсын гадаад харилцааны түүхэнд чухал үйл явдал болжээ.
Тус байгууллага 1952 онд анхны их хурлаа хийж, Монгол, Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг болж, ерөнхийлөгчөөр нь нэрт академич Б.Ширэндэв гуай сонгогдсон түүхтэй. 70 жилийн турш урлаг соёл, эрүүлийг хамгаалах, боловсрол зэрэг олон салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн, арвин түүхтэй эл нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, Гавьяат багш Д.Цогзолмаагаас энэ талаар тодруулав.
-70 жилийн ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж буйгаас шатрын тэмцээн тун сонирхолтой хэлбэрээр явагдаж байгаа гэж сонссон. Энэ талаар тодруулна уу?
-Ойн хүрээнд зориулан тодорхой хэдэн ажил төлөвлөсний нэг нь шатрын тэмцээн. Энэ нь уламжлал болсон арга хэмжээнүүдийн нэг л дээ. Манай байгууллагын үндэс суурийг шатарт хорхойтой сэхээтнүүд тавьсан түүхтэй юм шүү дээ. Энэ утгаараа шатрын тэмцээн их чухал. Энэ удаа гурван улсын шатарчдыг хамруулж, тэмцээнээ галт тэргэнд явуулж буйгаараа онцлог.
Өвөрмонголын Хөх хотоос гараагаа эхэлсэн галт тэргэнд улс бүрээс янз бүрийн насны 45 шатарчин өрсөлдөж байгаа бөгөөд өнөө, маргаашгүй Улаанбаатарт буудаллаад, Улаан-Үдийг зорих юм. Тэнд дүнгээ гаргана. Үүнээс гадна найрамдал, нөхөрлөл, энхтайвны сэдэвт орос, монгол дууны уралдаан зохион байгуулж байна. Урьд нь жилд хоёр удаа зөвхөн орос дууны уралдаан явуулдаг байснаа өргөжүүлсэн нь энэ. Мөн л бүх насныхныг хамруулсан.
-Энэ жил мөн шүлгийн уралдаан зарласан гэв үү?
-Өмнө нь асуулт, хариултын тэмцээн зохион байгуулдаг байсан. Хүмүүс ихэвчлэн цахим ертөнцөөс авсан мэдээллээ явуулдаг байсан нь үр өгөөж тааруу санагдаад, арга хэлбэрээ өөрчилж, шүлгийн уралдаан болгосон. “Мөнхийн хөрш, сайн анд нөхөр” гэсэн сэдвийн дор хүмүүс бүтээлээ ирүүлсээр байна. Танин мэдэхүйн ач холбогдолтой бүтээлч арга хэмжээ болно гэж найдаж байгаа.
Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Энхтайван, найрамдлын байгууллагатайгаа хамтран явуулж буй уралдааны шилдгүүдийг энэ сарын 12-нд тодруулж, тодорхой хэмжээгээр урамшуулна. Мөн 70 жилийн түүхээ харуулсан зурагт цомог гаргаж байна.
-Танай байгууллага жил бүр ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулдаг. Уламжлалт эл тоглолт энэ удаа хэзээ болох билээ?
-Энэ сарын 22-нд болох тоглолтод дууны уралдаанд оролцсон хүмүүсийг хамруулахаас гадна Орост сургууль төгссөн урлагийнхан ая дуугаа өргөнө. Монголын дуурийн анхны эмэгтэй найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ё.Цэрэндолгор манай концертыг найруулж байгаад тун талархаж, бахархаж байна.