
Орчин үеийн дэвшилт технологи болох нано резинэн асфальтаар замын эвдрэл гэмтлийг нөхдөг аргыг Улаанбаатар хотод нэвтрүүлэхээр болжээ. Бүх төрлийн материалтай барьцалдах чадвартай, цаг агаарын ямар ч нөхцөлд (-30°С-аас +45°С хүртэл) авто зам нөхөхөд тохиромжтой, хэрэглэхэд хялбараас гадна чанараараа бусад бүтээгдэхүүнээс ялгардаг нано асфальтыг “Битумина Сентрал Азиа” ХХК олон улсын “Bitumina” групптэй хамтран албан ёсоор Монголд үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байна.
Зам нөхөх уламжлалт технологитой харьцуулахад зардлыг 50-60 хувь хэмнэхээс гадна богино хугацаанд нөхөөс хийж, тэр даруй автомашин зорчих нөхцөлийг бүрдүүлдгээрээ ихээхэн онцлогтой юм. Нано резинэн асфальт нь байгаль орчинд ээлтэй технологи хэмээн олон улсад хүлээн зөвшөөрдөг.
Манай орны хувьд эрс тэс уур амьсгалтaй учир зам хагарч эвдрэх нь түгээмэл, богино хугацаанд, найдвартай нөхөж, засах шаардлага байнга тулгардаг. Ялангуяа, Улаанбаатар шиг замын ачаалалтай хотын хувьд орчин үеийн ийм дэвшилт технологи зайлшгүй хэрэгтэй байсан юм.
Нийслэл хотод тулгамдаж буй асуудлуудыг ухаалгаар шийдвэрлэж, ард иргэдийн амьдрах орчныг илүү таатай болгохоор энэ мэт шилдэг технологийг нэвтрүүлэхээр зорьж буйгаа “Ухаалаг Улаанбаатар” дэд хорооныхон өчигдөр танилцуулгын үеэр дуулгав.