
Дэлхийн II дайнд ялсны баярын ажиллагаанд уламжлал ёсоор явган цэргийн жагсаал, байлдааны машин техникийн цуваа болон нисдэг тэрэг, нисэх онгоцнуудын үзүүлбэр гэсэн гурван хэсгээс бүрдсэн байсан ч цаг агаарын байдлаас болж баярын жагсаалд нисэх онгоц, нисдэг тэргүүд оролцох боломжгүй болсон тухай ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдлээ. Ингэснээр баярын жагсаалд цэргийн 10 мянган алба хаагч, 114 нэгж байлдааны техник оролцов. Баярын жагсаалыг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу хүлээн авч, Оросын Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн ерөнхий командлагч, хурандаа генерал Олег Салюков удирдлаа.
Аугаа их ялалтын баярын жагсаал эхлэхэд Преображенскийн хорооны хүндэт харуулын батальоны цэргүүд ОХУ-ын Төрийн далбаа болон Ялалтын тугийг өргөн Улаан талбайд орж ирдэг уламжлалтай. Ялалтын тугийг 1945 оны тавдугаар сард Идрицкийн 150 дугаар буудлагын дивизийн дайчид Рейхстагийн оройд мандуулж байсан юм.
Байлдааны машин техникийн цувааны тэргүүнд Аугаа эх орны дайны үеийн “Т-34” танк явлаа. Түүний араас “Арбалет” байлдааны модуль бүхий “Тигр-М” хуягт автомашин, танк эсэргүүцэгч “Корнет-Д1” пуужинт систем болон “Тайфун-М”, “Тайфун-К” хуягт автомашинууд явж өнгөрөв. Улаан талбайд болсон байлдааны техникийн жагсаалын үеэр анх удаа Умард мөсөн далай буюу Арктикийн хүйтэн нөхцөлд ашиглах зенитийн пуужингийн “Тор-М2ДТ” цогцолбор болон зенитийн пуужин, их бууны “Панцирь-СА” цогцолборыг үзүүлсэн юм. Мөн тусгалын өндөр нарийвчлалтай “Искандер-М” пуужингийн цогцолбор, “Тор-М2У” болон “Бук-М2” зенитийн пуужинг танилцуулав.
Энэ жилийн жагсаалд 2016 оныхоос хоёр дахин олон буюу цэргийн 210 эмэгтэй алба хаагч оролцжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин баярын жагсаалыг нээж үг хэлэхдээ “ОХУ-ын Зэвсэгт хүчин ямар ч түрэмгийллийг няцааж чадна. Гэхдээ терроризм болон орчин үед тулгарч буй бусад аюул заналхийлэлтэй үр дүнтэй тэмцэхийн тулд дэлхийн хамтын нийгэмлэг нэгдэн нягтрах хэрэгтэй байна” гэв.