
Өсвөр насныхныг амиа хорлоход хүргэдэг “Цэнхэр халим” гэх онлайн тоглоомд манай залуус нэгдэх болжээ. Уг тоглоомын уршгаар 2015 оны арваннэгдүгээр сараас 2016 оны дөрөвдүгээр сар хүртэл ОХУ-д 130, Казахстанд 30 хүүхэд амиа хорложээ. Эл тоглоомоор тоглохын тулд сошиалд бүлгэм байгуулдаг гэнэ.
Бүлгэмд элссэн бол 50 хоногийн хугацаанд өдөр бүр даалгавар биелүүлэх учиртай. Даалгаврыг бүлгэмийн удирдагч өгөх бөгөөд эхний өдрүүдэд мэсээр бие дээрээ элдэв дүрс сийчих, өндөр барилга, гүүрний ирмэг дээгүүр алхах, шөнийн цагаар аймшгийн кино үзэхийг тушааж, эцэст нь амиа хорлохыг шаарддаг байна. Хэрэв татгалзсан тохиолдолд “Гэр бүлийнхнийг чинь хөнөөнө” хэмээн сүрдүүлдэг гэнэ.
Манай өсвөр насныхан сүүлийн хоёр өдөр фэйсбүүк хуудасныхаа нүүр зургийг цэнхэр өнгөтэй халимны дүрсээр солих нь олширчээ. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллага шалгаж эхлээд буй аж. Цахимд бүлгэм байгуулж, ийм хэрэг үйлдсэн хүнийг олоход амархан гэнэ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ОХУ-д 21 настай Филипп Будейкин гэгч залууг баривчилсан бөгөөд тэр эр ийм хэргийг зохион байгуулж, залуусыг уруу татаж байсан гэнэ. Тэгвэл манай улсад ч үүнийг зохион байгуулдаг байж болзошгүй 2-3 хаяг байгааг ЭЦГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн тогтоон шалгалтаа үргэлжлүүлж буй аж.