
Одоогоос хоёр жилийн өмнө нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч 2-3 компанийн захирал, нийслэлийн Тээврийн газрын ажилтнууд их хэмжээний мөнгө завшсан хэргийг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд илрүүлэн шалгаж эхэлсэн. Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч “Тэнүүн дэлгэр”, “Тэнүүн огоо”, “Тулга огоо” компанийн удирдах албан тушаалтнуудыг цагдан хорьж шалгасан ч тэгсхийгээд намжсан юм.
Тухайлбал, “Тэнүүн дэлгэр”-ийн захирлыг тухайн үед суудлын болон микроавтобусны жолооч нарыг хөлсөлж, нэг машинд л 5-20 ширхэг “МТ-150” маркийн GPS төхөөрөмж ачиж явдаг байсан талаар тухайн үед ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлж байв. Хувийн машины жолооч нартай нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч компанийн диспитчер нь утсаар холбогдон “… чиглэлийн … дугаартай автобусны GPS-ийг холбоорой” гэж хэлэхэд хөлсний жолооч нь ачиж явсан төхөөрөмжийнхөө хэлсэн дугаартайг нь аккумуляторт залгаад хөдөлгөөнд оролцон замын хажууд суурилуулсан, Нийслэлийн Тээврийн газарт мэдээлэл дамжуулагч төхөөрөмжид дохио нь давхцаж, цагийг нь бүртгүүлж байсан гэдэг. Нийслэлийн Тээврийн газрынхан уг автомат бүртгэлдээ үндэслэн тухайн үед 117 мянган ахмад настан, 113 мянган оюутан, 4000 гаруй цагдаагийн алба хаагчийг үнэ төлбөргүй тээвэрлэсний нөхөн олговрыг нь шилжүүлдэг байсан аж.
Харин “Тэнүүн огоо” болон “Тулга огоо”-гийнхон НТГ-аас тавьж өгсөн төхөөрөмжийг салгаж, оронд нь нэг мэт харагдав ч хоёр автобусны цагийг бүртгүүлчихдэг төхөөрөмж суурилуулсан нь ЭЦГ-ынхны шалгалтаар илэрснийг бид мэдээлж байв. Хоёр жилийн турш энэ хэрэг хэрхсэн нь тодорхойгүй байсны эцэст зөвхөн “Тэнүүн дэлгэр” компанийн захирал Б.Баясгаланд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Харин “Тэнүүн огоо”-гийн А.Ганхуяг нарт холбогдох хэргийг прокурорын байгууллага хав дарчихаад байгаа бололтой. Бидний авсан мэдээллээр “Тэнүүн дэлгэр” компанийн захирал Б.Баясгаланд НПГ-аас Эрүүгийн хуулийн 148.4-т заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж.
Мөрдөн байцаалтын явцад “Тэнүүн дэлгэр”-ийн хууль бус үйлдлээс улсад 1.4 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон гэж үзсэн байна. Уг хэргийг дээрх шүүх уржигдар хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа.