
Төрд ч, хувийн хэвшилд ч ажиллаж байгаа хүн бүр улсад хувь хүний орлогын албан татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хуулийн дагуу төлсөөр ирсэн. Гэтэл нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнууд, байцаагч нарын хууль зөрчсөн үйлдлээс болж, жирийн шимтгэл төлөгч бид Нийгмийн даатгалын санд мөнгө төлснөөрөө хохироод, тус байгууллагын албан тушаалтнууд халаасаа зузаалаад өнгөрч байгаа нь зүйд нийцэмгүй.
“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зургадугаар зүйлд “Өндөр насны тэтгэврийг авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сар дуустал олгоно” гэж заасныг зөрчин нас барагсдын мөнгийг хумсалж байсан нийгмийн даатгалын байцаагч нарт ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2015 оны намар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар “Нас барагсдыг амьдруулах шидтэнүүд нийгмийн даатгалд одоо ч байна” гэсэн нийтлэлээрээ бид цаг тухайд нь мэдээлж байв.
2006 оноос хойших судалгаагаар улсын хэмжээнд нас барсны дараа сарын тэтгэвэр 14 мянга гаруй хүнд олгожээ. Зөвхөн нийслэлд л гэхэд нийгмийн даатгалынхан дээрх нас барсан хүмүүсийн 500 гаруйд тэтгэвэр олгохоо зогсоолгүй, амьд байгаа мэтээр тэмдэглэл хийн, 1000 гаруй удаагийн гүйлгээгээр 1.5 тэрбум төгрөг шилжүүлсэн асуудлыг дээрх хэлтсийнхэн шалгах явцдаа тэтгэврийн зээлийн эрх нээлгэж, арилжааны банкуудаас зээл авсныг тогтоосон талаар бид мэдээлж байв. Үүний дараа тухайн үеийн НДЕГ-ын удирдах албан тушаалтнууд ийм зүйл болоогүй хэмээн “арьсаа хамгаалцгааж” байсан юм.
Нийгмийн даатгалын болон Халамжийн санг “саалийн үнээ” гэж боддог юм уу, тэдгээр байгууллагын албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан тохиолдол нэг бус удаа гарч байна. Ийм нэгэн хэргийг өдгөө Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр товложээ.
Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн сүлжээний зохицуулагч, төлөвлөгч-эдийнзасагч, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Г.Базар, тэтгэмжийн байцаагч С.Баттөр нар өмнө нь нийгмийн даатгалын төлж байгаагүй иргэн Н.Ганбат, А.Тулгабаатар нараас хахууль авч, төлж байсан мэтээр баримт бүрдүүлж өгчээ. Дээрх хоёр иргэн БНСУ-ын виз гаргуулах зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан гэсэн лавлагаа авах шаардлагатай болсон аж.
Ингээд Н.Мөнхдөл, Э.Болормаа, Т.Ууганбаатар, Л.Оюунчимэг зэрэг хүнээр дамжуулан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалд ажиллаж байсан Г.Базар, С.Баттөр нарт хахууль өгсөн хэмээн буруутгагдаж буй юм. Тэд 900.000 төгрөгийн хахууль авч, зуучилсан хүмүүс нь бас багагүй хөлс авсан бололтой.
Хахууль авчихаад Г.Базар, С.Баттөр нар “Шимтгэлийн тооцооны программ”-д худал материал бичиж, компьютерийн программын мэдээллийг өөрчилсөн хэрэгт холбогдоод байгаа юм. Тэдний гэм буруутай, эсэхийг хэлэлцэх шүүх хурлыг өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлосон ч нэг шүүгдэгчийнх нь өмгөөлөгч гадаадад сургалттай гэсэн шалтгаанаар хойшлуулжээ.