
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт олон улсын стандартад нийцсэн цогцолбор барих ажлыг БОАЖЯ-наас санаачлаад буй. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу байгальд ээлтэй зогсоол, үйлчилгээний төвийг олон улсын стандартад нийцүүлэн байгуулахыг дэмжинэ” гэсэн зорилт дэвшүүлсэн бөгөөд энэ хүрээнд Мэлхий хадны орчимд автомашины 170, дугуйн 60, Агуй хад орчимд автомашины 70, дугуйн 50, автомашины 250 орчим ил зогсоолтой, эко бие засах газар, нэгдсэн посттой, кофе шоп, бэлэг дурсгалын дэлгүүр, амрах цэг, тоглоомын талбайтай, ногоон байгууламж бүхий 24 цагийн камер, харуул хамгаалалттай авто зогсоол барьж байгуулах юм.
Нийтийн авто зогсоол байгуулснаар тусгай хамгаалалттай газрыг хамгаалах, горим дэглэмийг мөрдүүлэх, хүн амын төвлөрлөөс үүдсэн бохирдлыг бууруулах төдийгүй аялагчид ая тухтай амрах боломж бүрдэх юм. Өнгөрсөн жил л гэхэд Горхи-Тэрэлжийг гадаад, дотоодын 300 орчим мянган жуулчин зорьжээ.
Нийслэлд хамгийн ойр, дэд бүтэц сайн хөгжсөн байгалийн үзэсгэлэнт энэхүү газарт зуны улиралд өдөрт дунджаар 2000-3000 хүн аялдаг гэсэн статистик тоо байдаг. Эдгээр аялагчийн 80 хувь нь авто цогцолбор байгуулахаар төлөвлөсөн Мэлхий хад, Зуун ламын агуйг үзэж сонирхдог юм.