
Ойрын жилүүдэд Монгол Улсад “ Хүн амын цонх үе” тохиож байна. Хүн амын цонх үе 8-12 жил үргэлжилдэг бөгөөд хүн ам зүйчдийн тооцоолсноор 2040 он гэхэд Монгол Улсын хүн ам нэлээд хөгшин бүтэцтэй орон болно гэж үзэж байна. Хүн амд эзлэх хөдөлмөрийн насны иргэд их байгаа энэ үеийн боломжийг зөв зохистой ашиглах нь манай улсын тогтвортой хөгжилд чухал нөлөө үзүүлэх юм. Иймд оюутнуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөдөлмөрлөх орчин нөхцөлийг бүрдүүлэх, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион явуулах хэрэгцээ шаардлага тулгарч байна.
Тухайлбал, 2015-2016 оны хичээлийн жилд дээд боловсрол эзэмшсэн 30.894 оюутны 6724 нь буюу 21.7 хувь нь тухайн жилдээ ажилд оржээ. Тэгвэл энэ хичээлийн жилд нийт 32.863 оюутан их, дээд сургуулиа төгсөхөөр байгаа юм. Залуучуудын дээд боловсрол эзэмшилт өндөр байгаа ч оюутан, залуучуудын xөдөлмөр эрxлэлт тааруу байгаа нь өнөөдрийн нийгмийн бас нэг том асуудал.
Иймд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан XНXЯ, БСШУСЯ, XXҮЕГ, МҮXАҮТ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн xолбоо, Нийслэлийн залуучууд xөгжлийн газар, МЗX, Нийслэлийн НАМЗX, "HR" клуб зэрэг төрийн болон ТББ-уудтай хамтран ИДСК, МСҮТ-ийн төгсөгчдийг ажлын байранд зуучлах "ХӨГЖЛИЙН ХӨТӨЧ" өдөрлөгийг ирэх даваа гараг буюу тавдугаар сарын 15-ны өдөр Соёлын төв өргөөнд 14:00 цагаас зохион байгуулах гэж байна.
Энэxүү өдөрлөгийн xүрээнд оюутан, залуучуудыг аж ахуй нэгж байгууллагауудын нээлттэй ажлын байранд зуучлах, төрөөс залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийн зэрэгцээ УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”-ийн төслийг танилцуулах юм байна.
