
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг ”Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэж байх тогтоолыг баталсан. Энэхүү уламжлал Олон Улсад тогтоод 20 жил болсон бол Монгол Улсын хэмжээнд 9 жилийн өмнөөс тэмдэглэн иржээ. Энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2017 оны 4 дүгээр сарын 15-наас 6 дугаар сарын 15-ны хооронд буюу хоёр сарын хугацаанд “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” олон нийтийн санаачилга өрнүүлээд буй.
Уг санаачилгын дагуу “Би гэр бүлдээ үүнийг л хүсдэг” хүүхдийн гар зураг, шүлэг, зохион бичлэгийн улсын уралдаан, Угийн бичиг хөтлөх олон нийтийн санаачилга өрнүүлэх, “Гэр бүлийн үнэ цэнэ” чуулган, “Авьяаслаг гэр бүл” ТВ нэвтрүүлэг, “21 дүгээр зууны Монгол гэр бүл” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна. Мөн удахгүй Эцэг, эхийн Үндэсний зөвлөгөөн, Гэр бүлийн цэцэрлэг байгуулах үйл ажиллагаа болон монгол гэр барих ёслолын арга хэмжээг зохион байгуулна.