
Бүгд найрамдах Өмнөд Судан улсад манай Зэвсэгт хүчний энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгээд нэлээд удаж буй. Тус улсын омог хоорондын болон Засгийн эрхийн төлөөх эрх мэдэлтнүүдийн тэмцлээс үүдэн НҮБ-аас энхийг сахиулах ажиллагаа зохион байгуулан өнөөдрийг хүртэл үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Манай 850 хүнтэй мотобуудлагын батальон тус улсын хойд секторт энхийг сахиулж байгааг уншигчид мэдэж буй биз ээ. Манайхан НҮБ-ын мандатаар тухайн бүс нутагт аюулгүй байдлыг сахин хамгаалах, эргүүл хийх, энгийн иргэд, НҮБ-ын ажилчид, цуваа, эд хөрөнгө хамгаалах үүрэг гүйцэтгэж байна.
Сүүлийн үеийн мэдээллээр тус улсад цагийн байдал хүндэрч, зэвсэгт мөргөлдөөн үүсэж болзошгүй нөхцөл бий болоод байгаа аж. Манай цэргийн багийн VI ээлжинд үүрэг гүйцэтгэж буй эх сурвалж “Цагийн байдал хүндэрч саарал төлөвт (Ажиллагааны газар орон дээр цагийн байдлыг өнгөөр үнэлдэг) шилжээд байна. Шалтгаан нь Өмнөд Судан улсын Ерөнхийлөгч ЗХЖШ-ын даргаа үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөнтэй холбоотой.
Гэтэл ЗХЖШ-ын дарга нь армиа Ерөнхийлөгчийнхөө эсрэг хөдөлгөх гээд байгаагаас үүдэлтэй. Хэдийгээр хоёр хоногийн өмнө Ерөнхийлөгч нь зарлигаа өөрчилж, ЗХЖШ-ын даргыг буцааж ажилд нь томилохоор болсон ч тэр хүн нь ирэхгүй байгаа юм билээ. Түүнийг ажилд нь эгүүлэн томилсонтой холбоотойгоор цагийн байдал нэгэн хэвийн нөхцөлд шилжсэн ч хэзээ ч хүндэрч болзошгүй байгаа” гэв.
Тус улс саяхан Дэлхийн банкнаас 28 сая ам.доллар авсан бөгөөд үүнтэй холбоотойгоор тэнд ам.долларын ханш нэг хэсэг унаж байснаа өдгөө өгсөж буй юм билээ.