
Их, дээд сургууль, МСҮТ-ийг төгсөгчид эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахын тулд гурван жил орчмын хугацаа зарцуулдаг гэсэн судалгаа байдаг. Өнгөрсөн онд их, дээд сургууль, коллеж дүүргэсэн 30.894 хүний 6724 буюу 21.7 хувь нь л өдгөө мэргэжлийнхээ дагуу ажиллаж буй гэнэ.
Харин өнөө жил 32.863 хүн оюутны ширээнээс ажлын байр руу шилжих аж. Энэ нь ажил олгогчдын санал болгож буй ажлын байрнаас хэд дахин өндөр үзүүлэлт. Харамсалтай нь, зарлагдаж буй ажлын байрны шалгуурт тэнцэх боловсон хүчин төгсөгчдийн дунд хомс байгаа гэнэ.
ХНХЯ, БСШУЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар хамтран өчигдөр “Хөгжлийн хөтөч” оюутны чуулга уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр томоохон компаниуд нээлттэй ажлын байраа танилцуулав. Уул уурхай, хүнд үйлдвэрлэл эрхлэгч 10 гаруй компани уг өдөрлөгт оролцсон бөгөөд тус бүр нь 20 гаруй хүн ажилд авахаар анкет бөглүүллээ. Ингэхдээ тэд МСҮТ төгсөж, нарийн мэргэжил эзэмшсэн залуусыг ажилд авах сонирхолтой байв.
Мөн хөдөлмөр зуучлалын биржүүдэд ирсэн ажлын саналын олонх нь уул уурхайн салбарынх байлаа. Тухайлбал, хүнд даацын машины жолооч, гагнуурчин, уурхайчин зэрэг ажлын байр олон байв. Учир нь үйлчилгээний ажил хийхээс татгалзаж, мэргэжилтэн, удирдах албан тушаалтан болох сонирхолтой дээд боловсрол эзэмшсэн хүмүүсээс тэд ур чадвараар илүү байдаг аж. Суралцах явцдаа ажлын
байранд дадлагаждаг нь тэдний ялгарах онцлог гэнэ. Жил бүр ажлын байрны нээлттэй өдөрлөг зохиогоод өнгөрөх бус, залуусыг хөгжүүлэх чиглэлд анхаарах нь зүйтэй юм. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир энэ талаар “Боловсролын байгууллагын сургалтын чанар хангалтгүй байгаа нь үнэн. Тиймээс бид залуусыг хөгжүүлэх чиглэлээр сургалт явуулж байгаа. Ажил хийхэд бэлтгэгдээгүй, зөвхөн диплом өвөртөлсөн хүмүүс болчихлоо.
Тиймээс залуусын хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлт өсөхгүй байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр залуус хийх гэж буй ажлаа төлөвлөөд, түүнийгээ судлах шаардлагатай байна. Манай газар БНСУ-ын “Эм Ки Ай Ти” байгууллагатай хамтран цахим орчинд ажиллаж, сурах сургалтыг үнэ төлбөргүй явуулна. Ингээд Солонгос, Японы компанид ажилд оруулна.
Залуус заавал гадаадад очиж, биеийн хүчний ажил эрхлэх бус, гэрээсээ цахим орчинд ажиллан долоо хоногт нэг сая хүртэлх төгрөгийн цалин авах боломж бүрдэнэ. Эхний ээлжинд Солонгосын найман байгууллага хамтран ажиллахаар болсон” гэв.
Дашрамд дурдахад, тус газрынхан ирэх сарын эхний долоо хоногт ажлын туршлагагүй хүмүүст зориулсан сургалт зохион байгуулахаар болжээ.