
“Лакшири хаус энд рэйл истэти” компанид орон сууцны захилга өгөөд, хохирсон иргэд өчигдөр мэдээлэл хийв. Тус компанийнхан 2013 онд тансаг зэрэглэлийн орон сууц барина хэмээн 60 гаруй хүнээс бэлнээр таван тэрбум төгрөг болон дөрвөн тэрбум төгрөгийн үнэ бүхий байр, машин авчээ. Гэвч дөрвөн жил өнгөрчихөөд байхад барилгын ажлаа эхлүүлээгүй аж.
Хохирсон иргэд өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллагад хандсан ч асуудлаа шийдүүлж чадаагүй гэнэ. Хохирогчдын ярьж буйгаар иргэдийг залилж, их хэмжээний мөнгө авсан тус компанийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн ч одоо хэр нь хуурч мэхлэх замаар иргэдийг хохироосоор байгаа юм. Тиймээс хохирогч нар уг асуудлыг даруй шийдвэрлэж өгөхийг хууль, хяналтын байгууллагынхнаас хүслээ.