
Монгол орны бэлчээрийн 65 хувь нь талхлагдаж доройтжээ. Хэдийгээр талаас илүү хувь нь доройтчихсон ч зөв менежмент явуулж, даац, ачааллыг нь тохируулан ашиглаж чадвал 1-10 жилийн дотор л байгалийн аясаар сэргэх боломжтой гэнэ. Тиймээс ХААИС, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөл, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Аймаг дундын отрын бүс нутгийн захиргаа зэрэг байгууллагууд доройтсон бэлчээрийг сэргээх чиглэлээр 2017-2020 онд хамтран ажиллах гэрээг өчигдөр байгууллаа.
Сүүлийн 20-25 жилийн хугацаанд бэлчээрийн талхлагдал ноцтой хэмжээнд хүрснийг мэргэжилтнүүд онцолсон. Малын тоо толгой өдгөө улсын хэмжээнд 61 саяд хүрсэн бол бэлчээрийн даац 25-40 сая малд хүрэлцэх аж. Наад зах нь 20 саяар хэтэрчихээд байгаа гэсэн үг. Тиймээс нэн түрүүнд төрийн бодлогоор махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж, малчид бэлчээрээ зүй зохистой ашиглаж, хамгаалахад зайлшгүй анхаарах цаг ирснийг талууд онцоллоо.
Байгаль цаг уурын нөлөө, усан хангамж, төв суурин газар бараадсан төвлөрөл зэргээс шалтгаалан малчид сүүлийн жилүүдэд нүүдэллэх нь цөөрч, нэг газартаа удаан суурьших болсон нь бэлчээр доройтох томоохон шалтгаан болжээ. Энэ байдлаас гарахын тулд юуны түрүүнд малчдыг хамтын зохион байгуулалтад оруулах шаардлагатай аж.
Тухайлбал, нэг нутаг усны 30-40 малчин өрх хамтарч, нөхөрлөл, бүлэг байгуулж, бэлчээрээ хамгаалах, сайжруулах чиглэлээр тууштай ажиллавал “Ногоон алт, малын эрүүл мэнд” төслийнхөн дэмжихэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Хамтран ажиллагч талууд бэлчээрийг сэргээхдээ иргэд малчдын оролцоог хангахад голлон анхаарна гэв.