
БНСУ-ын Вонжу хотод Монголын Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал Б.Пүрэвжав, тус улсын Аялал жуулчлалын байгууллагын дэд захирал Мин Мин Хун нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Энэ хүрээнд хоёр орны аялал жуулчлалын салбарт харилцан туршлага судлах, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, урт богино хугацааны сургалт зохион байгуулах, харилцан мэдээлэл солилцох, хувийн хэвшлийн аялал жуулчлалын компаниуд хоорондын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжих, тэдний хооронд харилцаа холбоо тогтоох ажлыг хамтран хийх юм байна.
Мөн тус улсын Аялал жуулчлалын байгууллага ирэх долдугаар сард багтаан Төлөөлөгчийн газраа Монголд нээхээр төлөвлөж буй аж. Дашрамд дурдахад, “Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨҮГ-ыг энэ оны нэгдүгээр сард байгуулсан юм.