
Татварын ерөнхий газраас мэдээлснээр нийт 760 орчим тэрбум төгрөгийн татварын өр үүсчээ. Үүний 187 тэрбум төгрөг нь төлүүлэхэд хүндрэлтэй өрөнд тооцогдож буй аж. Хариуцах аж ахуйн нэгжүүд нь дампуурсан тохиолдолд ийм ангилалд багтаадаг гэнэ. Барагдуулах боломжтой 490 тэрбум төгрөгийн өрийг нь төлүүлэхээр томоохон татвар төлөгчидтэй график гарган, ажиллаж эхэлжээ.
Үлдсэн буюу 80 орчим тэрбум төгрөгийн өрийг төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан аж. Уг өрийн 20 хувь нь л барагддаг практик байдаг аж. Иймээс Татварын ерөнхий газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтарч ажиллах санамж бичиг байгуулжээ. Энэхүү өрийг барагдуулсан тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт тодорхой хувийн урамшуулал олгох гэнэ. Барагдуулах боломжтой өрийн 90 хувийг төлүүлэх зорилтыг Татварын ерөнхий газрынхан тавьсан байна.
Тус газар улсын төсөвт 1.9 их наяд төгрөг төвлөрүүлэх үүрэг авсан. Татварын өрийн 90 хувийг барагдуулж байж энэ төлөвлөгөөгөө биелүүлэх аж. Татварын өрөө төлөхгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлээд, дараа нь дансыг нь хаадаг эрх зүйн орчин өдгөө үйлчилж буй.
Зарим компанийн дансыг нээхийг Засгийн газар өнгөрсөн жил үүрэгдсэн. Ингэснээр татварын өртэй 4000 аж ахуйн нэгжийн 14 мянган дансыг нээжээ. Хэрэв дансыг нь нээгээгүй бол 75 тэрбум төгрөгийн өр барагдуулах байсан аж.