
Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын нэг шүүгчийн орон тоонд нэрээ дэвшүүлэн, өрсөлдсөн хуульчдаас тэнцэх хүн бас л гарсангүй. Уг орон тоонд өмнө нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ ганцаараа нэр дэвшин шалгалт өгсөн боловч Шүүхийн мэргэшлийн хорооноос авсан шалгалтад бүдэрсэн учраас дахин сонгон шалгаруулалт зарласан билээ.
Түүнээс гадна С.Соёмбо-Эрдэнэтэй анх өрсөлдсөн ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг Үндсэн хуулийн цэцэд хандсантай холбоотойгоор нэрийг нь түдгэлзүүлсэн гэх мэдээлэл ч байдаг юм.
Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчийн зарласан энэ орон тоонд Ховд аймгийн гаралтай, өдгөө Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж буй Б.Батзориг, “Бэст лав консалтинг” хууль зүйн нөхөрлөлийн захирал, өмгөөлөгч Л.Батжав нар нэрээ дэвшүүлсэн ч өнгөрсөн долоо хоногт болсон ярилцлагын шалгалтад хэн нь ч тэнцээгүй гэнэ.
Тиймээс ШЕЗ-өөс дахиад сонгон шалгаруулалт зарлаж болзошгүй байгаа сурагтай. Түүнээс гадна өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуулыг ажлаас нь чөлөөлсөн байна. Тэрбээр өндөр насны тэтгэвэрт гарах болсон аж. Тийм учраас Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн орон тоонд бас сонгон шалгаруулалт зарлах бололтой.