
Францын легионы цэргийн албанд зүтгэж байсан манай улсын иргэн 28 настай, О.Бат-Аргамж энэ сарын 19-нд осолд орж, амиа алджээ. Тухайн өдрийн 11.00 цагийн үед Гадаад легион нарын явган цэргийн II хорооны 20 хүний бүрэлдэхүүнтэй баг Марна голд байлдааны сургууль хийж байхад уг золгүй явдал болсон аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд хоёр хоёроороо баг болон завиар явж байжээ. Талийгаачийн сууж явсан завь голын эргүүлэгт орж, хөмрөөд хоёр цэрэг амиа алдсан аж. О.Бат-Аргамж нь гурван жилийн өмнөөс алба хааж буй гэнэ. Хэргийн талаар ГХЯ-ныхнаас тодруулахад “Талийгаачтай хамт алба хаадаг хүнээс ослын талаарх мэдээллийг авсан. Мөн бид ар гэрийнхэнтэй нь уулзлаа. Парис дахь ЭСЯ-ныхан ч хэргийн талаар мэдээлэл цуглуулж буй. Маргааш (өнөөдөр) бид нэгдсэн мэдээлэл өгнө” гэв.
Дашрамд, цэргийн алба хаасан, биеийн хөгжил сайтай залуус уг армид алба хаах боломж нээлттэй байдаг юм. Өдгөө Монголын 50 залуу тэнд алба хааж байгаа ажээ.