
Энэ сарын 1-нээс автомашины татвар нэмэгдээд буй. Үүнийг тээврийн хэрэгсэл худалддаг хэсэг хүн эсэргүүцэж буй.
Хамгийн сүүлд тэд өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийж, “Иргэнээ сонсох 11-11” ТББ байгуулснаа зарлан, УИХ-ын даргад шаардлага хүргүүлжээ. Шаардлагад “УИХ-аас баталсан татварын нэмэгдэл автомашин импортлогч жирийн иргэдийн амьдралд хүнд цохилт боллоо. Татвар нэмэгдүүлэх хууль нь 10 мянга гаруй гэр бүлийг орлогогүй, ирээдүйдээ итгэх итгэлгүй, нийгмийн дундаж давхаргаас ядуу анги руу шууд гулгуулсан шийдвэр болсон гэж бид үзэж байна. Өнөөдөр эх үүсвэрээсээ салсан энэ иргэд эсэргүүцлийн дараагийн алхмыг хийхээс өмнө (2017 оны тавдугаар сарын 22-ны 09.00 цаг) тодорхой хариулт өгөхийг шаардаж байна. Эл шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэсэн байв.
Тэгвэл өчигдөр тэд эсэргүүцлээ илэрхийлэн Сүхбаатарын талбайд “Приус” маркийн автомашин шатаахыг завджээ. Эл үйлдлийг цагдаагийн алба хаагчид таслан зогсоосон байна.