
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Мөнхзул, Д.Доржсүрэн, Д.Тэгшжаргал нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өчигдөр хянан хэлэлцлээ. Тэд Эрдэнэзуугийн музейд 2014 оны тавдугаар сарын 18-19-нд шилжих шөнө халдаж, долоон бурхан хулгайлан өөр гурван бурхныг унагаж гэмтээсэн юм.
Садан төрлийн хүмүүс болох Өвөрхангай аймагт төрсөн, 55 настай, гидротехникч мэргэжилтэй Д.Доржсүрэн, 46 настай, мал-зүйч мэргэжилтэй Д.Тэгшжаргал, нягтлан бодогч мэргэжилтэй, 41 настай Д.Мөнхзул гэх гурван эр үйлдсэнийг цагдаагийнхан шуурхай эрэн сурвалжлан баривчилж, хэрэг гарснаас хойш долоо хоногийн дараа эд мөрийн баримтуудыг Д.Тэгшжаргалынхаас хураан авсан юм.
Хэрэг үйлдэхийнхээ өмнөх өдөр Архангай аймгийн Өгий нуурын ойролцоо харанхуй болохыг хүлээн, нойр авч байсныг ойр хавийн малчид харсан байдаг бөгөөд ногоон өнгийн 1777 дугаартай “Ланд Круйзер-80” маркийн машинтайгаа “Эрдэнэзуу” музейн ойролцоо очиж, Гурван зуугийн зүүн зууд орж, Дүйнхор, Жүгдэрнамжил, Майдар, Манзушир зэрэг долоон бурхныг хулгайлан, 77.5 сая төгрөгийн хохирол учруулсан юм.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх уг хэргийг хянан хэлэлцээд Д.Мөнхзул, Д.Тэгшжаргал, Д.Доржсүрэн нарыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 145.4 дэх хэсэгт зааснаар Д.Тэгшжаргалд чанга дэглэмтэй хорих ангид 13 жил, Д.Доржсүрэн, Д.Мөнхзул нарт 12 жил хорих ял оноосон.
Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, 1777 хэмээх хуурамч дугаар хэрэглэсэн, 77-28 УНО улсын дугаартай “Ланд Круйзер-80” маркийн машиныг нь улсын орлого болгохоор болсон юм. Дээрх гурван хүн өмгөөлөгчдийнхөө хамт бурхдын үнэлгээг буруу гаргасан, ял хүндэдсэн гэх зэрэг гомдол Дээд шүүхэд гаргасан бөгөөд үүнийх нь дагуу тус шүүхэд хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.