
1992 онд төрсөн, 25 настай Б.Мөнхбаяр гэдэг залуу өнгөрсөн оны аравдугаар сарын 21-нд 16 настай Б хэмээх хүүд цаасны хутга тулган “Хажууд чинь тэсрэх бөмбөг тавьсан, хөдлөх юм бол тэсэрнэ шүү” гэж амь биед нь заналхийлж барьцаалсан талаар бид мэдээлж байсан. Улмаар аав руу нь утсаар ярьж, “3-4 цагийн дотор 80 сая төгрөг авчирч өгөхгүй бол хүү чинь үхнэ” хэмээн сүрдүүлсэн юм.
Түүнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд Эрүүгийн хуулийн 112-т заасан “Шунахайн сэдлээр, хохирогчийн амь биед заналхийлж, зэвсгийн чанартай зүйл ашиглан бага насны хүүхэд барьцаалсан” гэм буруутайд тооцон долоон жил хорих ял шийтгэсэн юм.
Тэрбээр анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон ялыг эсэргүүцэн Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан аж. Тус шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Мөнхбаярт холбогдох хэргийг хэлэлцээд шунахайн сэдэлтээр насанд хүрээгүй хүүхдийн амь биед нь заналхийлэн зэвсгийн чанартай зүйл ашиглан барьцаалсан гэм буруутай нь тогтоогдсон, хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэв. Улмаар шүүгдэгч, өмгөөлөгчийнх нь гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болголоо.