
Өнөө жил ЕБС-ийн 12 дугаар анги төгсөж буй сурагчид энэ сарын 25-ны 10.00 цагт математикийн хичээлийн шалгалт өгсөн ч дүнг нь хүчингүйд тооцов. Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн ахлах ангийн сургалтын менежер П.Өлзийхишиг төгсөх ангийн сурагчдаас авах математикийн хичээлийн шалгалтын хариуг задалсан учраас ийнхүү хүчингүй болгосон юм.
Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-ийнхөн шалгалт эхлэхээс хоёр цагийн өмнө сэдэв, даалгаврыг цахим системд байрлуулдаг бөгөөд нууцлалын гэрээтэй хүмүүс л түүнийг татаж авах эрхтэй байдаг аж.
П.Өлзийхишиг 49 дүгээр сургуулийг төлөөлөн дүүргийнхээ Боловсролын хэлтэстэй дээрх гэрээг байгуулсан байжээ. Ингээд үүрэг, хариуцлагаа зөрчин шалгалт эхлэхээс цаг гаруйн өмнө даалгаврыг олон нийтийн сүлжээнд байрлуулсан гэнэ. БҮТ-ийн мэргэжилтнээс энэ талаар тодруулахад “49 дүгээр сургуулийн сургалтын менежерийн хариуцлагагүй үйлдлээс болж, дахин шалгалт авах боллоо. Шинэ даалгавар боловсруулаад, дуусах шатандаа орж байна. Эл явдлын улмаас багагүй хохирол амсаж магадгүй. Даалгаврын хариултыг бөглөх цаас, автомат шалгагчид оруулсан хариултыг өөрчлөх шаардлага гарна. Хэдий хэмжээний зардал гарахыг одоогоор шууд хэлэх боломжгүй. Зардал хэмнэх зорилгоор шинэ даалгаврын хариултыг машинд суулгаж магадгүй” гэлээ.
Тус сургуулийн захирал Ж.Баярмаа 25-ны өдөр П.Өлзийхишигтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалж, ажлаас нь халжээ.