
“Өнөөдөр” сонины эхлүүлсэн “Аавын эзгүйд” реалити сурвалжилга олон нийтэд хүрч, гол баатар болох Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа Ч.Мөнхжанцангийн дунд охин М.Номин-Эрдэнийн эмчилгээнд хандив өргөх аян эхлүүлээд буй. М.Номин-Эрдэнэ бол хүндийг өргөлтийн оюутны болон залуучуудын дэлхийн аварга, Рио Де Жанейрогийн олимпын шагналт байрын эзэн, ОУХМ М.Анхцэцэгийн төрсөн дүү билээ.
БНСУ, АНУ, Казахстан, Узбекистан зэрэг орноос М.Анхцэцэгт их хэмжээний мөнгө амлан иргэншлээ солих санал тавихад “Би эх орныхоо төлөө төмөр өргөдөг” гээд хүлээж аваагүй түүний дүүд өдгөө элгэн түмэн монголчууд нь сэтгэлийн хандив харамгүй өргөсөөр байна.
Дүү нь зургадугаар сарын 20-ны дотор БНСУ-ын “Ханган сү” эмнэлэгт гүн түлэгдлийн дараах шатны хагалгаанд ороход 65 сая төгрөг шаардлагатай байгаа бөгөөд охины эмчилгээний төлбөрийг иргэд, аж ахуйн нэгж, хамт олны хандив тусламжаар бүрдүүлэх зорилготой “3000 төгрөгийн аян” тун амжилттай үргэлжилж, өдгөө 50-иад сая төгрөг цуглаад байна.
Хүндийг өргөлтийн олимпын аварга болоод, Монгол Улсын Төрийн дууллаа эгшиглүүлэн, алтан соёмбот далбаагаа мандуулах мөрөөдлөө ямар ч мөнгөөр арилжаагүй учраас М.Анхцэцэгийнхээ дүүд монголчууд халуун сэтгэлээр хариу барин, арав хоногийн дотор энэ хэмжээний хандив өргөлөө. Хамгийн томоохон хандивыг өнгөрсөн бямба гаригт Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний алба хаагчдаас өгсөн бөгөөд тэд нэг өдрийн цалин буюу зургаан сая төгрөг хандивласан юм.
Эгч шигээ хүндийг өргөлтийн спортоор хичээллэдэг, Монголынхоо нэрийг дэлхийд таниулсан шилдэг тамирчин болох ирээдүйтэй М.Номин-Эрдэнийн эрүүл мэндийн төлөө эх орны өнцөг булан бүрээс сэтгэл гарган нэгдэж буй хүмүүст, мөн хилийн чанадад байгаа элэг нэгтнүүддээ “Өнөөдөр” сонины хамт олон гүнээ талархаж буйгаа илэрхийлье.
Уг хандивын аянд Батлан хамгаалах яам, Монголын үндэсний олимпын хороо, “Алдар” спорт хороо, “Монгол ньюс” групп, Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо, “Эм Жи Эйл Чайна экспишион” ХХК, “Нова Терра” ХХК, “Монгол ванн” үйлдвэр, “Нана коллекшн” ХХК, “Бибис” ХХК, “ТЧНЦ” ХХК, “Хас гоёл” ХХК, “Алтан урлан” ХХК, “Энхжин сувинер”, “Хос баяр” хоршоо, Өмгөөллийн “Монгол элч консалтинг” ХХК, “Мөнгөн завьяа”-гийн хамт олон, Америк дахь монголчуудын холбоо, Солонгос дахь монголчуудын холбооныхноос гадна мэргэжлийн сүмогийн озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (2.000.000 төгрөг), Индонез улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг (1.000.000 төгрөг) болон Одгэрэл (2.000.000 төгрөг), Гантулга (1.000.000 төгрөг), Ганзул (500.000 төгрөг) зэрэг жирийн иргэнээс эхлээд бизнесийнхэн, урлаг, спорт, утга зохиолын салбарынхан нэгдсэн юм.