
УИХ-ын гишүүн асан С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт буруутгагдан ял шийтгүүлсэн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч нар хянаж байна. Улсын нууцад хамаарах хэрэг учраас хэн гэдэг шүүгчид хуваарилагдсан нь нууц байгаа юм.
Эх сурвалжуудын мэдээлснээр хяналтын шатанд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар гомдол гаргасан бөгөөд хохирогчдын ар гэрийнхэн ч бас хүсэлт тавьсан сурагтай. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шүүх хурлыг нээлттэй явуулах, Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш ял шийтгүүлсэн хүмүүсийн гомдлыг хэлэлцэх тухай хүсэлт тавьсан гэнэ.
Хоёр ч шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн ШШГЕГ-аас Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг гянданд, Т.Чимгээг эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид ял эдлүүлэхээр хуваарилаад байгаа билээ. Тэд өмгөөлөгчөөрөө дамжуулж, хяналтын шатны шүүх хуралд биеэр оролцох хүсэлт тавьсан тухай мэдээлэл ч байна.