
БНСУ-д 36 мянга гаруй монгол хүн ажиллаж, амьдарч буй гэсэн тоон мэдээлэл бий. Тэдний төлөөлөл “Улаанбаатар-Сөүл”, “Сөүл-Улаанбаатар” чиглэлд нисэх МИАТ-ын онгоцны тийзийн үнэ 680-800 мянган вон (1.6-1.8 сая төгрөг) байгаа нь тус улсад амьдарч буй монголчуудад хүндээр тусаж байгааг цахим хуудсаараа уламжлан эсэргүүцжээ.
Тэд МИАТ ХК-ийг тийзийн үнээ тогтмол 400 мянган вон болгохыг хүсэж буйгаа илэрхийлээд, эсэргүүцэх болсон шалтгаанаа ийнхүү дурджээ. “Солонгост ажиллаж буй монголчууд гурван сарынхаа цалинг МИАТ-д дээрэмдүүлж буйгаас ялгаа алга, тус улсын иргэд манай улс руу аялмаар байгаа ч үнэ нь хэт өндөр (бусад улсын онгоцны тийз 200-400 мянган вон) учраас татгалздаг.
Гэрээт ажилчид онгоцны тийз хямдхан байвал зургаан сардаа гэр бүлийнхэн рүүгээ ирж, очоод байх боломжтой. Ингэснээр гэр бүл салах, хүүхэд өнчрөх асуудал багасана. Онгоцны тийзээ ингэж ямар нэгэн үндэслэлгүй нэмж буйг эсэргүүцэж байна” гэжээ.