
Замын-Үүд дэх Гааль, татварын ерөнхий газрын (тухайн үеийн нэрээр) 36 байцаагчид холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэж эхэллээ.
Б.Цэен нарын байцаагч нарт холбогдох уг хэргийг хэлэлцэж эхлэх үед нэг шүүгдэгч нь өмгөөлөгчөөсөө, өөр нэг шүүгдэгч шүүгч, прокуророос татгалзах хүсэлт гаргасан байна. Энэ мэтээр дээрх олон холбогдогч хэргийг шийдвэрлэх хугацааг удаашруулах арга хайж байсан бололтой. Гэвч шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хүсэлт гаргасан хоёр хүний хэргийг нь тусгаарлаж, бусад 34 хүнд холбогдох үйлдлийг нь хэлэлцэж эхэллээ.
Гаалийн 36 байцаагчийг албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдаас хээл хахууль авч байхад нь АТГ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн үйлдэл дээр нь баривчилсан юм.
Тэд гаалийн бүрдүүлэлт хийсэн автомашинуудад хяналт шалгалт зохих ёсоор хийлгүй, хурдан хугацаанд саадгүй гаргах, мөн татварын хувь, хэмжээг бууруулахаар амлан, БНХАУ-аас Замын-Үүд дэх гаалийн газрын хяналтын талбайд орж ирсэн автомашинуудад ачигдсан бараанд төлбөл зохих татварын мөнгийг бүрэн төлүүлэлгүйгээр гаргаж, хээл хахууль авсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон аж.
Эх сурвалжийн мэдээллээр өчигдөр 22.00 цагт шүүх хурал завсарлаж, баасан гаригт үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ.