
Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Аврах тусгай ангийн түүхт 50 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Аврах тусгай ангийн түүх намтар Онцгой байдлын албаны тулгын чулуу болсон Иргэний хамгаалалтын байгууллагын үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой билээ.
Анх 1967 оноос манай улсын тэргүүлэх зэрэглэлийн бүтэц байсан төмөр замын бүтээн байгуулалтанд гар бие оролцож, Ардын армийн төмөр замын тусгай батальоноос Аврах тусгай анги хүртэлх түүхэн замналыг туулахдаа тус ангийн албан хаагчид техникийн холбогдолтой осол, үер, цацраг, химийн хордолт, гоц халдварт өвчин, ой, хээрийн түймэр зэрэг гамшиг, ослын хөнөөлийн голомтод амь биеэ үл хайрлан зүтгэж ирсэн.
Энхийн цагт ч улс эх орны аюулгүй байдал, ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах үүргээ нэр төртэй, шударгаар биелүүлсээр ирсэн үе, үеийн аврагч дайчдын эр зориг, алдар гавьяаг үнэлж баршгүй юм.
Эр зоригийн бахархал, энэ цагийн манлайлал болсон аврагчдын ариун үйлс үеийн үед тасралтгүй үргэлжилж, суу алдраа мөнхөд дуурсгаж явахыг хүсэн ерөөе хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.