
Улсын Дээд шүүхийн шүүгчид энэ сарын 6-нд буюу маргааш зөвлөлдөхөөр товложээ. Уг зөвлөгөөнөөр Үндсэн хуулийн цэцийн гишүүнд хэн нэгний нэрийг дэвшүүлэх тухай асуудал хэлэлцэх юм байна. Одоогоор чухам хэн нэр дэвшихээр болсон нь тодорхойгүй. Дээд шүүхийн шүүгч асан зарим хүн нэрээ дэвшүүлэхээр ярьж байсан гэх мэдээлэл буй ч түүнийг батлах, үгүйсгэх хүн алга.
АН төрийн эрх барьж байх үед УИХ дахь МАН-ын бүлэг “Цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулах асуудал хууль зөрчсөн” гээд оролцолгүй, АН-ын гишүүдийн олонхын саналаар 2016 оны хоёрдугаар сарын 19-нд огцруулсан юм. Академич Ж.Амарсанааг Улсын дээд шүүхийн нийт гишүүдийн саналаар Цэцийн гишүүнээр өргөн мэдүүлж, УИХ баталсан бөгөөд ҮХЦ-ийн гишүүдийн олонхын саналаар дарга болж байсан юм.
Жил гаруйн өмнө ийнхүү огцруулсны дараа түүний оронд тухайн үед УИХ-ын гишүүн байсан Р.Гончигдорж нэрээ дэвшүүлсэн ч Дээд шүүхийнхэн уг асуудлыг нь хэлэлцэлгүй орхиж байсан удаатай. Академич Ж.Амарсанаа ч Цэцийн гишүүнээс үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн хэмээн огцруулсан УИХ-ын тогтоолыг ҮХЦ-д өгсөн бөгөөд өнөөг хүртэл хэлэлцээгүй юм. Тус цэц есөн гишүүнтэй ажиллахаар хуульд заасан ч ийнхүү нэг орон тоо нь хоосон буй.
Тэдгээр гишүүний гурвыг нь УИХ, гурвыг нь Ерөнхийлөгч, үлдсэнийг нь Дээд шүүх санал болгож нэрийг нь дэвшүүлж, парламент томилж чөлөөлдөг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Цэцийн гишүүн П.Очирбатын бүрэн эрхийн хугацаа дуусаж, оронд нь УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Д.Одбаярыг томилох асуудал шуурхай шийдэгдэж байсан билээ.