
Монгол хүний оюун ухаан, хүч хөдөлмөрөөр бүтсэн “Мазаалай” нэртэй анхны бага оврын хиймэл дагуулыг өчигдөр АНУ-ын Флорида муж дахь Кеннедийн сансрын төвөөс Улаанбаатарын цагаар 05.50-т хөөргөлөө. SpaceX компанийн “Falcon 9” пуужин нь “Драгон” хэмээх сансрын хөлгийг дэлхийн тойрог замд оруулах бөгөөд уг хөлөг нь Олон улсын сансрын станцтай холбогдох юм. Ингэхдээ монголчуудын бүтээсэн “Мазаалай” хиймэл дагуулыг тээвэрлэж яваа юм.
Уг пуужинг өнгөрсөн пүрэв гаригт хөөргөхөөр төлөвлөсөн ч дээрх талбайн байрладаг бүс нутагт бороо орсны улмаас хойшлуулжээ. ЮНЕСКО болон Японы Засгийн газрын ивээл доор хэрэгжиж буй, сансарт гарцгүй улс орнуудыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж, тойрог замд оруулахад нь туслах “Joint Global Multi-Nation Birds” төслийн хүрээнд Монгол, Япон, Нигери, Гана, Бангладеш улсын таван хиймэл дагуулыг анх удаа нэг зөөгч пуужингаар тойрог замд оруулж буй нь энэ аж.
Японы Кюүшү технологийн институтэд сансрын инженерчлэлийн чиглэлээр докторантурт суралцаж буй МУИС-ийн багш, судлаач Д.Эрдэнэбаатар, Т.Төртогтох, Д.Амартүвшин нар Монголын анхны хиймэл дагуулыг бүтээсэн билээ. “Мазаалай” хиймэл дагуул сар орчмын дараа Олон улсын сансрын станцаас салж, өөрийн тойрог замд орон үүргээ гүйцэтгэх учиртай.
Тодруулбал, “Мазаалай” 400 км өндөрт дэлхийг тойрч, нисэж буй орчныхоо агаарын нягт, цацраг идэвхийн байдлыг тодорхойлох, 100 метрийн нарийвчлалтайгаар дэлхий болон эх орныхоо зургийг хэсэгчлэн авч илгээх үүрэгтэй. 1981 онд монгол хүн сансарт анх удаа нисэж байсан бол 36 жилийн дараа хоёр дахь чухал алхмаа хийж буйг зохион бүтээгчид онцлов.
Манай Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Cансарт хөөргөсөн биет зүйлсийг бүртгэх тухай” олон улсын конвенц, Монгол Улсын Харилцаа холбооны тухай болон Радио долгионы тухай хуулийн дагуу “Мазаалай” хиймэл дагуулыг М2017- 001 дугаартай Монгол Улсын сансарт хөөргөсөн анхны биет зүйлсэд бүртгэж, тус хиймэл дагуулын харилцаа холбоо, удирдлага, хяналтад ашиглах радио долгионы зөвшөөрлийг сонирхогчийн радио станцын метрийн болон дециметрийн цараанд (VHF/UHF) олгосноо мэдэгдлээ.