
ОХУ-ын Засгийн газар болон тус улсын “Ростех” улсын корпорацын “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн хувьцааг “Монголын зэс” ХХК худалдан авсан асуудлыг шалгасан Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ хэлэлцээд, дээрх үйлдвэрүүдийн 49 хувийг төрийн өмчлөлд шилжүүлж, 100 хувь улсын үйлдвэрийн газрын статусаар ажиллуулах ёстой гэсэн 23 тоот тогтоол гаргасан.
Уг шийдвэр Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн мэдээллийг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд ирүүлжээ. Мэдээлэлд “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувь Монгол Улсын Засгийн газрын өмч хэзээ ч байгаагүй. 49 хувийг өмчилж байсан өөр улсаас худалдаж авсан хувийн өмчид УИХ, Засгийн газар халдаж, өмчлөгчийн эрхийг зөрчиж байна” гэсэн байна.
Цэц дээрх мэдээллийг урьдчилан шалгаад, УИХ-ын 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, тавдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Төр нь хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, мөн зүйлийн гурав дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно”, арван зургадугаар зүйлийн гурав дахь заалтад “хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.
Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, далдугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Үндсэн хуульд төрийн байгууллагын бусад шийдвэр бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг тус тус зөрчсөн, эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгээд байна.