
Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн байршил болох Очир толгойн орчимд хээрийн сургууль хийж байсан Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн зэвсгийн офицер, ахмад Б.Мөнгөншагай, гранатмётчин, ахлагч Б.Ариунболд нар гар бөмбөгийн дэлбэрэлтэд өртөн амиа алдаж, найман ахлагч шархадсан хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд гарсан билээ.
Хэргийг өдгөө Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж буй бөгөөд шинжээчийн дүгнэлтийг хүлээн удааширч буй талаар өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө шинжээчийн дүгнэлт гарсныг ЗХЖШ, цагдаа, прокурорын байгууллагын эх сурвалжууд баталлаа. Гэхдээ албан ёсных болоогүй гэдгийг прокурорын эх сурвалж хэлэв. Учир нь, нэг хүн дүгнэлт гаргах ёстой атал хоёр хүн гаргасан үндэслэлээр цагдаа, прокурорын байгууллага хүлээн аваагүй гэнэ.
Шинжээчдийн дүгнэлт албан ёсных болоогүй учраас хууль хяналтын байгууллагынхан ихэд нууцалж буй бөгөөд ЗХЖШ-ынханд очсон мэдээллээр цэргийн алба хаагчдын өөрсдийн буруутай үйлдлээс болсон байж болзошгүй гэж дүгнэсэн сурагтай. Албаны эх сурвалжууд “Хэдхэн хоногийн дараа дүгнэлт албан ёсных болж баталгаажна. Тэр үед нь бодит мэдээллийг прокурорын зөвшөөрлийн дагуу өгч болно” хэмээсэн юм.
Дашрамд дурдахад, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан, хурандаа Д.Өлзийбаярт хариуцлага тооцож, дөрөвдүгээр сарын 20-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд өдгөө тэрбээр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газарт ахлах мэргэжилтэн болжээ.